Иргэн Б: Цагдааг заамдаж энгэрээс нь татсан

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн биед халдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Зуун айлын замын уулзварт жолооч Б дугаарын хязгаарлалтад орсон автомашинаар замын хөдөлгөөнд оролцож байжээ.
Тиймээс замын цагдаа зогсоож шаардлага тавихад жолооч Б эсэргүүцэж, биед халдаж, дүрэмт хувцасыг нь урж танхайрсан байна.
Энэ талаар жолооч Б-гээс тодруулахад “Эхнэр хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр яарч явтал Зуун айлын замын уулзварт цагдаа зогсоосон. Тэгээд намайг дугаарын хязгаарлалтад орсон автомашинаар хөдөлгөөнд оролцож байгааг сануулаад үнэмлэхээ үзүүлэхийг шаардсан.
Би яараад үнэмлэхээ орхисон байсан. Ингээд үнэмлэх байхгүйгээ цагдаад учирлаж хэлээд иргэний үнэмлэхээ үзүүлж, ухаалаг төхөөрөмжөөрөө намайг энэ машины эзэн мөн эсэхийг шалгачих гэж хэлсэн. Гэвч цагдаа дугаар явдаггүй өдөр үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцлоо гээд машиныг маань журамлана гэсэн. Тухайн үед би бухимдаж уг цагдааг заамдаж "Энгэрээс нь татаж" авсан.
Гэвч хажуугаас өөр нэг залуу цагдаагийн биед халдлаа гээд намайг татаж унагаасан. Иймэрхүү маргаан дэгдэж байтал дахин нэг цагдаа ирж асуудал нэлээд хүндэрсэн. Гэхдээ би өөрийнхөө бурууг хүлээж байна.
Замын цагдаад ямар ч гомдолгүй. Ажил үүргээ биелүүлж явсан албан хаагчдын өөдөөс эсэргүүцэл үзүүлсэндээ харамсч байна” гэлээ. Цагдаагийн байгууллагаас иргэн Б-д 230.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ