У сайд ба Цэ вирус

Н.Удвал сайд "Уучлаарай. Би арай дэндүү муухай юм хийчихжээ" гээд ороод ирвэл би чинь бас хүн шүү дээ. Хүнийг уучилж болно.
Сайддаа голдоо ортол гомдсон Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ийн өгүүлжээ. Хавраас хойш элэгний С вирус устгадаг сайн эм Монголд оруулж ирэх боллоо хэмээн хөөрцөглөж байсан дэд сайд олон саадтай тулгарсны саяхны явдлыг нь бид харж сонссоон.
Н.Удвал сайд Байнгын хорооны хуралдаан дээр манай дэд сайд 900 доллараар оруулж ирэх эмийг 1800-гаар зарах гээд байна хэмээн палхийтэл хэлж орхисон нь Ж.Амарсанааг нэр хүндэд хандсан гүтгэлэг хэмээн шүүхэд хандахаас аргагүйд хүргэжээ.
Түүний тайлбарлаж буйгаар С вирусын эсрэг "Sofosbuvir" хэмээх тэрхүү эмийг гурван сар уух курсын үнэ нь 900 доллар бөгөөд өвчтөн 6 сарын курс эм уух шаардлагатай тул 1800 доллар болох гэнэ. Төрийн сайд битгий хэл бага ангийн хүүхэд хүртэл учрыг нь олчихоор ийм юман дээр будлиад явж байгаад нь Ж.Амарсанаа сайд харамсан өгүүлжээ.
Монголчууд бидний 15 хувиас доошгүй нь гэж үзвэл 300-500 мянга орчим хөх толботнууд элэгний C вирусээр халдварлан шаналж байна. Ийн үндэстний өвчин шахуу болчихсон С вирусын эсрэг эмийг Америк дахь зах зээлийн үнээс нь 44 дахин хямд үнээр оруулж ирэх гэхээр Эрүүл мэндийн хоёр сайд нь нэгнээ гүтгэж нөгөөх нь шүүхэд хандах гэх мэтээр ёстой л тамын тогооны үлгэр гэгч өрнөж байна.
Ж.Амарсанаа үнэхээр гүтгүүлсэн байлаа гэхэд Н.Удвал сайд юуны учир ийм зүйл хийсэн нь сонирхолтой. Олон мянган С вирустнуудын талархлыг хүлээх учир дэд сайдынх нь нэр хүнд өөрийнхөөс нь давчихна гэж муйхарлав уу. Ер нь сүүлийн үед хөгшдийн амнаас У сайд Цэ вирус гэсэн үг салахаа больсон гэж байгаа.
Хэн нь ч гүтгүүлсэн, хэн нь ч муйхарласан байлаа цаана чинь олон хүн та нарын энэ завхралыг шаналан харж суугаа. Мэдээж тэдний сэтгэлд би ч өнгөрч гэж бодогдохгүй нь лавтай. Төрийн олбогтон, мяндагтнуудын асуудал шийдэгдэж, ачтай тустай эм маань ирчих болов уу хэмээн горьдож хором тоолон өвчинтэйгөө тэмцэн суугаа.
Харамсалтай нь тэдний тоолж буй цаг хугацаа даанч их. Сайд нарын маргаанаас эхлээд төрийн буруу бодлого шийдвэр хүртэл тэдний нар харах хором мөчийг хумсалж байгаа. Эрүүл мэндийн яамны зүгээс гадаадад шинээр бүртгэгдсэн эмийг гурваас доошгүй жил тухайн оронд нь хэрэглэсний дараа Монгол Улсад оруулна гэсэн журмыг мөрддөг. Тэгэхээр журмаа даганаа гээд хүмүүсээ алдсаар л сууна гэсэн үг. Даанч цөөхөн монголчуудын хувь заяагаар даанч тэнэг хүмүүс ямар их тоглох нь энэ вэ дээ.
Ядаж байхад Эрүүл мэндийн салбар шиг дампуу салбар Монголд байхгүй. Тэнд дандаа л хурган дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, албан тушаалтайгаа зууралдаж эмнэлгээ хувьчлахаас наахнуур шуугиан дэгдээж өвчтнүүдээ үл хайхардаг улс бий.
Өнөө маргаашгүй болсон өвчтнийг гурван жил хүлээлгэх гээд байгаа Эмийн тухай бодлогыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж энэ журманд өөрчлөлт оруулбал сая нэг нааштай болох юм. Гэвч сандал ширээний төлөөх улстөрчдийн завхралыг харахад хэзээ ч журам нь өөрчлөгдөх юм бэ, бүү мэд. Даанч эмгэнэлтэй явдал.
С.Тэлмэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ