"ТСГ" компанийн барилгаас гурван хүн унаж, нэг нь амиа алдлаа


Он гарсаар барилгын ослоор амиа алдсан иргэдийн тоо буурахгүй байна. Хамгийн сүүлд, Дархан-Уул аймагт барилгын ослоор гурван иргэн амиа алдсан бол Дорнод аймагт нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын X багийн нутаг дахь таван давхар орон сууцнаас гурван хүн унаж, нэг нь амиа алдаж, хоёр нь хүнд гэмтсэн осол гарчээ. Иргэн Э-гийн захиалгаар "ТСГ" компани барилгын ажлыг гүйцэтгэж байсан байна. Осолд өртсөн иргэд дүүжинт өргүүр дээр зогсоод энэхүү угсармал барилгын гадна талыг засаж байсан гэнэ. Энэ үеэр дүүжинт өргүүр унажээ. Ослын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхэлсэн байна. Ослын талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас"ТСГ"компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулаагүй, хөдөлмөр хамгаалалтын инженергүй, дүүжинт өргүүр нь баримт бичиггүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байсан гэлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ