Э.Амарбат: Л.Гансүх нарын 10 хүн 13 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан

АТГ болон Нийслэлийн прокурорын газар хамтран өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Л.Гансүх өнгөрсөн пүрэв гаригт батлан даалтад гарсан. Ингээд Л.Гансүхийн хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбаттай ярилцлаа.
-Л.Гансүх батлан даалтад гарсан. Тэрээр өөрийг нь гэм буруугүй байхад нь саатуулан хүчээр хилс хэрэг тулгаж байгаа гэж мэдүүлдэг. Тэгэхээр Л.Гансүхийн хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх болон “Эм Жи Эл Эс Пи” компанид менежерээр ажиллаж байсан н.Хулан нар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байдаг. Энэ санхүүжилтийг 2012 оны 11-р сарын 19-ний өдөр хүлээн авч, Багануур ХХК-тай 2012 оны 11 сарын 1-ний өдөр байгуулсан гэрээний дагуу нүүрсийг авахаар болсон. Нүүрсийг тээвэрлэх гэрээг Улаанбаатар төмөр замтай 2012 оны 11.04-ний өдөр “Эм Жи Эл Эс Пи” компанийн захирал Эрдэнэбулган гэх хүн байгуулж.
Л.Гансүх нүүрсийг Багануур ХХК-иас авахдаа “Эм Жи Эл Эс Пи” компаниар нүүрсийг шигшүүлэх, ангилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр анхнаасаа тохирсон. Нүүрсийг ангилж шигшихтэй холбоотой нэлээд зардал гарсан. Энэ зардлыг эхний ээлжинд 11.01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу олгоогүй. Өөрөөр хэлбэл Багануур ХХК нүүрс шигшсэн, ангилсны улмаас түлшний зардалд 399,3 сая төгрөгийн, шигших тоног төхөөрөмж түрээс элсний зардалд 63,9 сая төгрөгний хохирол хүлээсэн байдаг. Нүүрсийг эхний гэрээний дагуу нэг тонныг нь 27500 төгрөгөөр Багануур ХХК-иас худалдаж авахаар тохиролцсон.
Ингээд энэ гэрээний дагуу ажил явагдаж эхэлсэн. “Эм Жи Эл Эс Пи” гэх энэ компанийг 2010 онд Л.Гансүхийн найз нь Л.Гансүхийн том охинтой нь хамт аж ахуй нэгж үүсгэн байгуулж байсан. Анх байгуулагдахдаа гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Гэтэл үйл ажиллагаа явуулах чиглэлд нь 2012 оны 10-р сард нүүрсний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулна гэж нэмэлт оруулаад, мөн сараас эхлээд Эрдэнэбулган гэдэг хүнийг захирлаар нь томилсон байгаа юм.
Энэ хүн бол Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байх үед нь туслахаар нь ажиллаж байсан хүн. Ингээд 2012.11.01-ний өдрийн гэрээний дагуу ажил нь явагдаж Улаанбаатар төмөр замд нүүрс тээвэрлэсний төлбөрийг төлж байсан.
Яаж төлсөн бэ гэхээр Багануур ХХК-иас 27500 төгрөгөөр авсан нүүрсээ Улаанбаатар төмөр замд 40000 төгрөгөөр тооцож худалдаад, нэмэгдсэн үнээрээ Улаанбаатар төмөр замд төлсөн тээврийн хөлсний тал хэсгийг хаасан байгаа юм. Ингээд үлдсэн 800 гаран сая төгрөгний төлбөрийг УБ төмөр замд бэлнээр төлсөн дүн харагдаж байдаг.
Явцын дунд “Эм Жи Эл Эс Пи” компанийн анхны захирал, Гансүхийн найз, Л.Гансүх нар хоорондоо санхүү мөнгөний асуудал гарч, цаашид “Эм Жи Эл Эс Пи” компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулах талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн.
Тиймээс 2013.09.19-ний өдөр “Эм Жи Эл Эс Пи Ди” гэдэг компанийг шинээр байгуулсан. Өөрөөр хэлбэл түрүүчийн компанийн нэрний ард ганцхан D үсэг нэмээд шинээр аж ахуй нэгж байгуулсан. Улмаар захирлаар нь Даваахүү гэдэг хүнийг томилсон. Энэ хүн бол Л.Гансүхийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед нь туслахаар нь ажиллаж байсан хүн.
Ингээд “Эм Жи Эл Эс Пи Ди” болон Багануур ХХК хоёрын хооронд 2013 оны нүүрс нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээг 9.27-ны өдөр байгуулсан. Ингэж байгуулахдаа түрүүчийн буюу 2012 оны гэрээний дагуу 27500 төгрөгөөр нүүрсийг худалдаж авна гэсэн үнээрээ байгуулсан.
Гэтэл энэ гэрээг байгуулахаас өмнө Багануур ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл 08.08-нд хуралдаад 27500 төгрөгөөр нүүрс худалдах нь хувьцаат компанид ашиггүй, алдагдалтай байна. Тиймээс нийлүүлэх нүүрсний үнийг тонн тутамд нь 39000 төгрөг болгоё гэх шийдвэр гаргачихсан байсан.
Ингэж шийдвэр гарсаар байтал Л.Гансүх нар хүчээр түрж урьдын адил 27500 төгрөгөөр гэрээ байгуулна гэж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Багануур ХХК-ийн Гүйцэтгэх захирал нарт нөлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийг дахин хуралдуулж 27500 төгрөгөөр нүүрс нийлүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл Багануур ХХК үргэлжүүлэн алдагдалтай ажиллах гэрээг 09.27-ны өдөр байгуулсан байгаа юм.
“Эм Жи Эл Эс Пи Ди” компанийн менежереер Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүнийх нь зөвлөхөөр 2010-2014 онуудад ажиллаж байсан Тулга гэгч ажиллаж байсан. Мөн эдгээр аж ахуй нэгжүүдийн санхүүг хариуцсан ерөнхий нягтлангаар нь Л.Гансүхийн эхнэрийнх нь төрсөн дүүгийн охин ажиллаж байсан байдаг.
-Мөрдөн байцаалтын явцад 3.6 тэрбум төгрөг завшсан гэж мэдээлж байсан. Одоо хэрэг нь юу болж байгаа вэ?
-2012, 2013 оны гэрээний дагуу нийтдээ 249 мянган тонн нүүрсийг 6,8 тэрбум төгрөгөөр Багануур ХХК-иас худалдаж авсан. Эргүүлээд 2012-2014 онуудад борлуулахдаа 19,9 тэрбум төгрөгөөр борлуулсан байдаг. Борлуулсан үнийг та бүхэн мэдэж байгаа. Иргэдэд нэг тонныг нь 80000 төгрөгөөр борлуулж байсан. Уг асуудлаар Үндэсний аудитын газар шалгалт хийж дүгнэлт гаргасан. Дээрээс нь АТГ-т шалгагдаж эхэлсэнтэй холбоотойгоор шинжээч нарыг томилон ажиллуулж, давхар дүгнэлт гаргуулж асуудлыг нягталж үзлээ.
-Аудитын болон шинжээчдийн дүгнэлт ямар гаргасан бэ?
-Анхны гэрээг байгуулахын өмнө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,5 тэрбум төгрөгийн зээл авч ажлыг санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл “Эм Жи Эл Эс Пи” компани анхнаасаа төлбөрийн чадваргүй, энэ үйл ажиллагааг эрхлэх ямар ч боломжгүй байсан.
Ингээд төслийн мөнгө болон зээлийн 1,5 тэрбумаар ажлаа эхэлсэн. Ажлын явцад 2012.12.21-ний өдөр Засгийн газрын 24-р тогтоол гарсан. Уг тогтоолоор “Нүүрс” хөтөлбөрийн ажлыг дэмжих, ажилчдын цалин хөлс, бусад зардалд зориулж нийт 854 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдэрлэсэн байдаг.
Гэхдээ энэ мөнгө гараагүй байж байхад буюу 2013 оны 08.15-ны өдөр “Эм Жи Эл Эс Пи Ди” компаниас н.Даваахүү болон санхүү хариуцсан н.Мөнгөнтуяа нар хуурамч тайлан гаргаж, Л.Гансүхийн гарын үсэгтэйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эрчим хүчний яам, бусад холбогдох газруудад тайлангууд хүргүүлсэн. Тайланд “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласаны улмаас “Эм Жи Эл Эс Пи Ди” компани алдагдал хүлээж байна.
Тиймээс бидэнд санхүүгийн дэмжлэг үзүүлээч” гэсэн хуурамч тайлан гаргаж хандсанаараа 2013 оны 09-11-р саруудад нийт 854 сая төгрөгийг гаргуулж авсан байгаа юм. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр уг 854 сая төгрөгийг зориулалтын бусаар, шаардлагагүй зүйлд зарцуулагдсан байна гэж үзсэн. Дээрх “Эм Жи Эл Эс Пи Ди” болон “Эм Жи Эл Эс Пи” компаниуд нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийтдээ 4 тэрбум 915,6 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан байна.
Өөрөөр хэлбэл эдгээр хоёр аж ахуйн нэгжүүд хөтөлбөрийг хэрэгжүүлснээс алдагдалтай ажилласан гэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Ашгийг нь тухайн хоёр аж ахуй нэгжээр нь ангилж үзвэл “Эм Жи Эл Эс Пи” 3,2 тэрбум, “Эм Жи Эл Эс Пи Ди” 1,6 тэрбумын ашигтай ажилласан байна гэдэг нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.
-Багануур ХХК хэчнээн төгрөгийн хохирол амссан бэ?
-Багануур ХХК-ийн тухайд дээр яригдсан шигших ангилах ажлын зардал, дээрээс нь жингийн зөрүүнээс алдагдал хүлээх болсон. Тус компанийн хүлээсэн алдагдал одоогийн бидний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлаар 2,8 тэрбумын төгрөг байгаа юм.
Шалгалтын явцад нэр дурдагдсан, хэрэгт холбогдож байгаа хүмүүс дээрх аж ахуй нэгжүүдийн кассаас, харилцах данснуудаас ихээхэн хэмжээний мөнгийг баримтггүйгээр авч ашигласан байх үндэслэл давхар тогтоогдож байна. Үүнийг үргэжлүүлэн шалгаж байна. Одоогоор хэн хэдэн төгрөг авсныг тодорхойлон хэлэх боломжгүй байна.
-Яг хэдэн хүнийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьсон бэ?
-Мөрдөн байцаалтын явцад зургаан хүнийг цагдан хорьж шалгасан. Цагдан хорих үндэслэл юу байсан бэ гэвэл эдгээр хүмүүс хэргийн бодит байдлыг тогтоход саад учруулахаас сэрэмжлэх зорилготой байсан.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хүнд гэмт хэрэг үйлдсэн, холбогдон шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хэргийн бодит байдлыг тогтоход саад учруулах үндэслэл байгаа тохиолдолд цагдан хорьж шалгахыг зөвшөөрсөн байдаг.
-Цагдан хоригдож байх хугацаанд эргэлт оруулахгүй, уулзуулахгүй байна гэх гомдлыг заримхүмүүсийн ар гэрийнхэн гаргаж байсан?
-Цагдан хориотой байх хугацаанд хэргийн холбогдогч нарт эргэлт уулзалтыг оруулж байсан. Л.Гансүхт нийт 20 удаа, Мөнгөнтуяад 21, Тулгад 10, Төмөрбаатарт 9, Батхуягт 10 удаа тус тус эргэлт оруулсан. Ялангуяа ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн тухайд эхнэр хүүхдээс нь гадна дэмжигч, намын гишүүд төлөөллийг нь ч гэсэн чөлөөтэй уулзуулж байсан. Эдгээр яллагдагч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр нь бүрэн хангаж ажилласан. Зарим өмгөөлөгч уулзуулахгүй байна, хууль зөрчиж байна гэсэн асуудал ярьж байсан.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38-р зүйлд зааснаар хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой этгээдүүд нэг өмгөөлөгчтэй байж болохгүй байдаг.
Тийм учраас мөрдөн байцаалт эхэлж байх үед харилцан эсрэг сонирхолтой этгээдүүдийг нэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхгүй гэсэн шаардагын үүднээс өмгөөлөгчийг нь нэг хүнтэй нь уулзуулаад, нөгөө хүнтэй нь уулзуулахгүй байх шаардлага тавьж ажиллаж байсан. Бусдаар бол өмгөөлөх эрхийг нь бүрэн хагнаж ажиллаж байсан.
Одоогийн байдлаар Л.Гансүх гурван өмгөөлөгчтэй, Тулга хоёр өмгөөлөгчтэй, Мөнгөнтуяа гурав, бусад нь нэг өмгөөлөгчөөр эрхээ хангуулж байна.
-Цагдан хоригдох аргагүй хүнд өвчтэй байсан Тулгыг батлан даалтад гаргахгүйгээр цагдан хорьсон гэх мэдээлэлд хариулт өгөөч?
-Цагдан хоригдох хугацаанд өвчилсөн этгээдүүдийг тухай бүрт нь эмнэлгийн үзлэг, хяналтад хамруулж, шаардлагатай тохиолдолд цагдан хорих төвийн болон нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлсэн.
Тухайлбал цагдан хоригдож байгаа яллагдагч Тулгын ар гэртэй нь ярьж тохирсоны дагуу Улаанбаатар Сонгдо эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн шинжилгээг хийлгүүлж, улмаар уг эмнэлэгт нь 18 хоногийн хугацаанд эмчлүүлээд, цаашид нарийн мэргэжлийн эмчид эмчлүүлэх шаардлагагүй, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх хугацаанд эмчилгээг хийх боломжтой гэсэн дүгнэлтийг эмч нар гаргасан болохоор буцаан цагдан хорих байранд шилжүүлсэн. Тулга 2010 оноос хойш нурууны бэртэлтэй байсан.
Сая эмчийн дүгнэлтээр нурууны бэртлийн улмаас цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэсэн дүгнэлт гараагүй. Мөн хязгаарлагдмал бус хэмжээнд үйл хөдлөл хийх боломжтой гэж дүгнэсэн.
Мөнгөнтуяа мөн л нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлсэн. Ходоодны бага зэргийн үрэвсэлтэй. Энэ нь мөн л цагдан хорих байрны нөхцөл шаардлагыг хангахгүй байх хүндэрсэн хэлбэр биш гэсэн эмчийн дүгнэлт гарсан.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ