Налайхын замд таксины жолоочийг дээрэмдэж байхад нь гярхай иргэн туслажээ

“Хэрвээ цагаа олж дуудлага өгөөгүй бол цэл залуухнаараа хорвоог орхиход ч бэлэн байлаа” гэж ярих таксины жолооч өнөөдөр үл таних аврагчдаа баярласан сэтгэлээ илэрхийлж, сайн сайхныг ерөөж сууна. Саяхны нэг өдөр таски барьсан таван залуу хүний аминд хүрэх шахсан байна.

Хэрвээ тухайн үед ард нь явсан жолооч цагдаад дуудлага өгөөгүй бол өнөөдөр онц ноцтой нэгэн хэргийн талаар мэдээлэл цацагдах байлаа. Үл таних таван залуу “Ургах наран хороолол” хүргүүлнэ хэмээн Ботаник орчмоос такси барьжээ. Улмаар хотоос гарсны дараа таксины жолоочийн хоолойг боож, мөнгө, гар утас зэргийг нь дээрэмдэж байх үедээ буюу үйлдэл дээрээ эргүүлийн цагдаа нарт баригдсан байна.

Таксины жолооч “нүдэнд дулаахан, соёлтой гэмээр залуу гараа өргөж “Ургах наран хороолол” хүргүүлнэ гэж ярьж байх зуур, дөрвөн залуу гэнэт гарч ирээд машинд суучихсан. Тэгээд хүргээд өгөөч гээд гуйгаад байхаар нь хөдөлсөн” гэж мэдүүлжээ.

Улмаар хэрэг бишдэх үед багажаа онгойлгож бусдаас тусламж хүссэн бөгөөд хүсэлт ч эзнээ олж “Урд яваа машин арын багаж нь онгорхой удаан явлаа. Бас замаасаа гарч, ороод нэг л бишээ” гэсэн дуудлага 102-т ирсэн байгаа юм. Энэ даруй эргүүлийн цагдаа шуурхай ажиллаж, таван этгээдийг гэмт үйлдэл дээр нь барьж саатуулжээ. Цагаа олсон нэг дуудлага эрдэнэт хүний амийг аварч, гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь барихад тус боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ