Хүүхдийн төлөө үндэсний газрыг татан буулгая


-Аав нь хүүгээ заазуурдаж байхыг харлаа. Азгүй монголоо би-
Хүүхдийн төлөө үндэсний газар бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө хийгдэх бүхий л ажлуудыг үндэсний хэмжээнд төрийн бодлогоор дамжуулан хэрэгжүүлдэг байгууллага гэсэн үг.
Харамсалтай нь энэ газар үе үеийн сонгуулиас мултарсан улстөрч авгай нарын орогнодог газар болжээ. Нэг үгээр хэлбэл том бялуунаас хүртэлцэж чадаагүй улстөрчдийн үдлээд өнгөрдөг, төрийн нэр доорхи юу хийж, гийгүүлдэг нь үл мэдэгдэх олон газрын нэг.
Энэ цаг үед тус газрыг 2012 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөөд өвдөг шороодсон И.Нарантуяа удирддаг.
Долоон настай хүү хойд эцгийнхээ гарын шүүс болж хэвлэл мэдээллээр олон нийтийн анхааралд хүрч байх үед И.Нарантуяа дарга өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч сүржин мэдээлэл хийж байлаа.
Даргын мэдээлэл түүнээс хойш хаана ямар гэр бүлд үйлчилж, үр хойчийн минь аюулгүй өсөж торниход нөлөө үзүүлэв. Таван настай хүү төрсөн эцэгтээ заазуурдуулсныг мэдээд л тэр дахин дуугарч эхэлнэ.
Хүүхдүүд хүчирхийлэлд өртдөгөөрөө өртсөөр л байна. Асуудал дэгдмэгц л Хүүхдийн төлөө үндэсний газрынхан, “Хөгжил”, “Хамгаалал” гэх мэт сүржин нэртэй олон газар, хэлтсийн дарга нар нь хэвлэлийнхнийг цуглуулж том том ярина.
Ярихаас өөр хийгээд, хүүхдийг хүчирхийллээс хамгаалаад, сэрэмжлээд байгаа ажил тэдэнд үнэндээ алга.
Тус газрын албан ёсны цахим хуудас руу орж үзлээ. Хүүхдийн тусламжийн утас гэх 1979 дугаарын утас ажиллуулдгийг олж мэдлээ.
Тэнд "Хүүхэд хамгааллын суурь үйлчилгээ болох “ХҮҮХДИЙН УТАС”-ны үйлчилгээг орон даяар бий болгох зорилгоор 1979 хүүхдийн сүлжээ утсыг 2005 оноос эхлэн ажиллуулж байна" гэж бичжээ. Хүүхэд хамгааллын тухай мэдээлэл өгдөг найман жилийн өмнөөс бий болгосон ийм дугаарын утас байдгийг та мэдэх үү, сонссон уу
Энэ дугаар луу янз бүрийн утаснаас хэсэг хугацааны давтамжтай залгаж үзлээ. Нэг ч дуудлагад хариу өгсөнгүй. Байдал ийм л байна.
Өнөөдөр хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байхад 21 аймаг, хот дүүрэг хороо бүрт орон тоотой ажилладаг Хүүхдийн төлөө үндэсний газрын нийгмийн ажилтнууд юу хийж байв.
Хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, хараа хяналтгүй хүүхдүүдэд ямар хувь заяа тохиож, тэдний хэд нь гадныханд арилжигдаж, хүний наймааны золиос болж байгаа вэ. Тэднийг хамгаал гэж энэ байгууллагыг байгуулсан бус уу.
Шоронгийн төмөр торон хаалтны цаана хүний хорвоод ирж байгаа бяцхан үрсээ бид яах вэ. Аймшигт өвчин тээсэн бяцхан үрс мэндлэх нь жирийн үзэгдэл болов.
Монгол орны ирээдүйг тойрсон асуудлууд түм бумаараа байхад тэр асуудлуудад санаа тавьж идэхтэй ажиллах ёстой ХТҮГ-ын дарга И.Нарантуяа 10 мянган жиргээчин дагуулсан шигээ, хүүхэд заазуурдуулж байхад ёотон ярьсан шигээ сууна.
Нэгэн твиттерчин И.Нарантуяагийн даргын жиргээн дунд хүүхдийн тухай сэдэв хэдийг хөндсөнийг асуужээ. Хариулт байхгүй нь тодорхой. Түүний жиргээнд төрийн агентлагийн дарга бус хов жив дэлгэсэн авгайн шинж илүүтэй.
Ер нь цаг наргүй твиттерт жиргэж суугаа И.Нарантуяад твиттерчдийн төрийн бус байгууллага л илүү тохиромжтой гэмээр. Гадаад орнуудад ийм үед дарга нар нь хэвлэлийнхнийг цуглуулж мэдэгдэл хийгээд сайн дураараа ажлаа өгдөг. Харин манайд эсрэгээрээ байх нь гарцаагүй. Асуудлыг улстөржүүлж миний нэр хүнд рүү халдлаа, шүүхдэнэ барина гэх мэтээр суудалтайгаа үхэн хатан зууралдах нь энүүхэнд.
Хийсэн нэртэй хийгээгүй ажлаа сурталчилж төсвийн мөнгөөр хэвлэлүүдэд нүүр нүүрээр нь их мөнгө төлөн нийтлүүлж, эх үрсийн баяраар бөөн бөөн бялдуучлал, цэцэг бэлэг дурсгал дунд умбаж суудаг Хүүхдийн төлөө нэртэй энэ газрыг татан буулгавал зохилтой.
Оронд нь ирээдүй хойчийнхоо төлөө сэтгэл зүрхтэй, цаг мөч бүрийг тэдний төлөө хийх их үйлсэд зориулж чаддаг хүмүүсийг нэгтгэж ажиллуулах хэрэгтэй.
Түүнээс биш хэн нэгэн бүтэлгүй улстөрчийн долоож, мөлжиж суудаг шавхруу болсон байгууллагад монгол үрсийнхээ төлөөх төрийн бодлогыг даатгах эрх бидэнд байхгүй.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ