Гаалийн ажилчид илүү цалин авдаг байжээ

Буянт-Ухаа гаалийн газарт өчигдөр нийсэлэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулсан байна. Уг шалгалтаар дараах хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна.

Гаалийн газрын ажилтны цалин хөлсний нэмэгдэл 40-өөс дээшгүй хувьтай байх ёстой байтал тус газрын зарим ажилчид 90 хувийн цалингийн нэмэгдэл авсан байна. Нийт 6 хүндилүү цагийн хөлс нь баталгаажаагүй, тушаал шийдвэргүй эрхийн актгүй байхад нийт 221,3 мянган төгрөгийг олгожээ. Энэ мөнгийн төсөвт буцаан төлүүлэх акт гаргасан байна.

Мөн Буянт-Ухаа дахь гаалийн газрын бүтцийг 133 орон тоотой байхаар 2012 онд баталсан байтал 7 орон тоог илүү ажиллуулсан. Харин 2013 онд 141 хүний орон тоотой гэж баталсан ч гүйцэтгэлээр 20 орон тоо илүү ажиллуулсан байна.

Тус гаалийн газрын нягтлан бодогчдыг байнга сэлгэдэг учраас дотоод хяналт суларсан гэж үзсэн байна. Тиймээс тус байгууллагын захиргаа удирдлагын хэлтсийн даргыг 576,0 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Мөн илүү цагийн зөрчил тус бүр дээр акт үйлдсэн зэрэг арга хэмжээг авсан бөгөөд эрх үүргийн талаар заавар зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ