Сар бүр өөрийн гэсэн нэршилтэй болно

Энэ сарыг Монголын залуучуудын холбооноос “16 настнуудын сар” болгон зарлаж байна.МЗХ-ны салбар харьяа нэгжүүдээр өртөөлүүлэн тус аяныг зохион байгуулж байгаа бөгөөд 16 настнуудад тулгамдаж буй асуудал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хууль эрх зүй зэрэг бүхий л салбарын хүрээнд цогц мэдээллийг өгч, урлаг спортын арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөж байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэ аяныг цаашид жил бүр уламжлан болгон зохиох бөгөөд 16 настнуудыг өлгийдөн авах сар болгож тамгалж байна. 11 сарын 23-ны өдөр буюу Их эзэн Чингисийн мэндэлсний өдрийг тохиолдуулан орон нутгийн 16 настнууд төв талбай дээрээ иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардаж авах юм. Харин нийслэлийн шилдэг 850 хүүхэд төрийн ордны танхимд иргэний андгай өргөх ёслол болно.
НЦГ-ын Гэр бүл хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ариунзаяа:
-Энэ сарын аяны хүрээнд цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байна. 16 настны эрх, үүрэг, ямар төрлийн гэмт хэрэгт илүү өртөж, хохирч, холбогдож байгааг улсын хэмжээний гэмт хэргийн судалгаан дээр үндэслэн нийт 16 настнуудад энэ талаар сургалтыг зохион байгуулах гэж байна. Орон нутгийн цагдаагийн хэсгүүд болон дүүргийн цагдаагийн газрууд хамтран улс орон даяартөрийн болон төрийн бус нийт 16 настнуудыг хамруулан нэгэн зэрэг сургалтаа эхлүүлнэ. Хүүхдүүдээс санал ирсний дагуу Нийслэлийн цагдаагийн газар болон Залуучуудын холбооноос хамтран нийслэлийн шилдэг 850 хүүхдэд 11 сарын 11 болон 25-ны өдрүүдэд сургалтыг хийх болно.
-Ер нь 16 настнууд ямар төрлийн гэмт хэрэгт холбогдож байна вэ?
-Бусдын биед гэм хохирол үзүүлэх, хулгайн гэмт хэрэгт илүү өртөж, хохирч байгаа судалгаа гарсан. Тиймээс манай байгууллага хамтран ажиллаж, эерэг үр дүн гарна гэж бодож байгаа.
МЗХ-ны гишүүн н.Урангоо
-Энэ сарыг яагаад заавал 16 настнуудын сар болгож байгааюм бэ?
-16 настнуудыг сонгосон учир нь тэд “хүүхэд”-ээс “залуу” гэсэн тодотгололтой, амьдралд анхлан орж байгаа хүмүүс байдаг. Мөн албан ёсоор Монгол улсын иргэний батламжийг гардуулж , баталгаажуулж өгдөг. Тиймээс 16 нас бол хамгийн хариуцлагатай үе байдаг учраас 16 настнуудыг сонгож авсан юм.
-Олон ажил хийж байгаа учраас санхүү мөнгөний хувьд зардал өндөртэй байх. Санхүүгээ хэрхэн шийдэж байна вэ?
-Иргэний андгай өргөх ёслолыг өнгөрсөн жилээс эхлэн Ерөнхий сайдын ивээл дор зохиож эхэлсэн. Харин бусад зардлуудыг хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг үзүүлдэг ч хамгийн гол нь сэтгэлээрээ үйл ажиллагаагаа зохиодог. Ямар нэгэн гадны хөрөнгө оруулалт, төсөл байдаггүй. Тиймээс аливаа ажлыг өөрсдийн оролцоо, сэтгэл зүрхээрээ нэгдэн хийдэг, мөн байгууллагууд нийгэм дэх үүргээ ухамсарлаж, залуучуудыг дэмжиж, хамтран ажиллаж байна.
-Ирэх сарын хувьд?
-Энэ сарыг бид “Залуучуудын амжилтаа дүгнэх сар” болгон зарласан байгаа. Энэ бол төрийн болон төрийн бус байгууллагын залуучууд өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх сар болох юм. Цаашдаа МЗХ сар бүрийг өөрийн гэсэн нэршилтэй болгож байгаа.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ