Санамсаргүй сум алдаж амиа алджээ

Энэ сарын 4-нд Архангай аймгийн Их тамир суманд 10.00 цагийн үед галт зэвсгээр “Өөрийгөө буудсан хүн байна” гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагын ажилтнууд шалгасан байна. Уг хэрэг нь Архангай аймгийн Их тамир сумын иргэн Ч нь 30 настай бөгөөд өөрийн хэрэглэдэг “Тигер” маркийн галт зэвсгээр оролдож байгаад сум алдсаны улмаас дээрх хэрэг гарчээ. Одоогоор тус хэргийг шалгаж байна.

Энэ мэтийн галт зэвсгээс үүдсэн хэрэг энэ жилийн хувьд 22 тохиолдол илэрсэн байна. Үүнээс хүний амь нас хохироосон хэрэг нэг, гэмтсэн хүн 5, хууль бусаар авч явсан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад хураагдан шалгагдаж байгаа хоёр, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг 1, танхайрах төрлийн гэмт хэрэг 2, мал хулгайлахдаа ашигласан нэг, хууль бус ан хийсэн хоёр хэрэг тус тус бүртгэгджээ.

Манай улс жил бүрийн дөрөвдүгээр улиралд орон даяар галт зэвсгийн тооллого явуулдаг. Харин энэ жилийн хувьд өнгөрөгч сарын 31-ний өдөр эхэлсэн бөгөөд ирэх 12 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж. Мөн цагдаагийн газраас иргэд, хуулийн этгээд товлосон хугацаанд цагдаагийн байгууллагад ирж, галт зэвсгээ тоолуулах, бүртгэлгүй буугаа бүртгүүлэх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.Хэрэв галт зэвсгээ тоолуулаагүй тохиолдолд Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд зааснаар галт зэвсгээ тоолуулаагүй хуулийн этгээдэд захиргааны арга хэмжээ авч, мөнгөн торгууль ногдуулна.

Өнөөдөр Монгол улсад 2014 оны байдлаар 47000 галт зэвсэг бүртгэлтэй байна гэсэн судалгаа байдаг. Галт зэвсгийн хуулинд Монгол улсын иргэн 18 насанд хүрсэн биеийн гэмтэл согог гажиггүй, сэтгэл санааны хувьд эрүүл этгээд ашиглаж, эзэмшихийг хуулиар зөвшөөрнө гэж заасан байдаг.

Галт зэвсгийг иргэн харуул хамгаалалт, үзмэр үйлчилгээ, спорт сургалт мөн ан агнуурын чиглэлээр эзэмшиж ашиглахыг хуулиндаа зөвшөөрдөг. Галт зэвсгээ тоолуулж бүртгүүлээгүйн улмаас галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг холбогдсон, хууль бусаар авч явсан тохиолдолд тухайн галт зэвсгийг хуулиар эзэмшигч болон дамжуулсан этгээд хоёулаа хариуцлага хүлээдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ