Apple-ийн хэрэглэгчдийг чиглэсэн кибер халдлагын “шинэ эрин”

Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг чиглэсэн шинэ вирус Хятадын хэрэглэгч нарт нөлөөлж байгаа тухай цахим сүлжээний аюулгүй байдлын судалгааны компани мэдэгдлээ. Palo Alto Networks-ийн илрүүлсэн “WireLurker” гэх вирусыг анх Хятадад зохиосон гэж үзэж байгаа бөгөөд Apple-ийн утас, суурин компьютерын үйлдлийн системд халдаж байна.

Гуравдагч этгээдээс хуулж авсан ямар нэг аппликейшнийг даган халдварлаж байгаа энэхүү вирус төхөөрөмж дээрх бүхий л мэдээллийг хуулбарлаж байгаа аж. Одоогийн байдлаар халдвартай 400 гаруй аппликейшнүүд 350 мянган удаа татагдаад байгаа юм.

Palo Alto-гийн тагнуулын албаны захирал Райан Олсон “WireLurker гэх энэ вирус өмнө нь Apple-ийн iOS, OS X үйлдлийн системүүдэд чиглэсэн вирусүүдээс тэс өөр юм. Яг л уламжлалт PC-ний вирус шиг хор хөнөөлтэй” гэжээ.

Энэ вирусийн бас нэг онцлог нь Apple-ийн Mac компьютер дээрээс USB залгуураар дамжин утас, хөгжим тоглуулагчид халдах явдал юм. Palo Alto Networks-ийн хэлж байгаагаар вирустэй аппликейшнийг хуулсны дараа ойр ойрхон давтамжтайгаар update хийхийг шаарддаг юм байна. Гэхдээ одоогоор эрчимтэй хөгжүүлж байгаа энэ вирусийг бүтээгчдийн цаад зорилго юу вэ гэдэг нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.

Өнгөрсөн жил Kaspersky Lab антивирусийн програм зохиогч компанийн гүйцэтгэх захирал Евгений Касперский “Apple компани тун удахгүй маш их хүчтэй вирусийн халдлагад өртөж, компани төдийгүй хэрэглэгчдэд ихээхэн хохирол учруулна.

Хамгийн аймшигтай нь iPhone үүний бай болбол яах вэ гэсэн асуулт. Учир нь iPhone-ий үйлдлийн систем нь бүрэн хаалттай. Гаднаас нь ямар нэг програм суулгах боломжгүй. Гэвч бүх л системд сул тал байдаг учир үүнийг нь хакерууд олсны дараа хэдэн сая хэрэглэгч хохирох болно. Яагаад гэвэл бид нар шиг антивирусийн програм хөгжүүлэгчид Apple-д зориулсан аюулгүйн систем зохиох эрхгүй байдаг юм” гэж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ