Хүүхдийн ханиадны аюултай вирус дэгдсэн үү

Хүйтний улирал эхэлж, томуу болон томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгаа энэ цаг үетэй холбогдуулан нэгэн мэдээлэл нэлээд анхаарал татсан юм.
Нэгэн эмэгтэй цахим хуудсаар дамжуулан дараахь мэдээллийг хүргэлээ. Түүний хүүхэд ханиад хүрч, маш өндөр хэмээр халуураад намжихгүй байсан аж. Тиймээс хамгийн сайн гэж үзсэн Гурван гал, Баянгол гэх мэт эмнэлгүүдээр явж хүүхдээ үзүүлж, оношлуулж, эмчилгээ хийлгээд ч бие нь төдийлөн тэнхрэхгүй байв. Эцэст нь тэд Солонгос улсыг зорьжээ. Тэнд очсон даруйд тухайн эмч нар нь Kawasaki Desease төрлийн вирусийн гаралтай ханиад хэмээн оношилсон байна.Ийнхүү дархлаа тэтгэх эмчилгээ, вакцин зэргийг хийлгэж тэнхрээд эх нутагтаа ирсэн гэнэ. Энэ төрлийн шинэ вирус Монгол улсад ороод ирсэн байна шүү гэдгийг тэрээр олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс энэ тухайгаа дэлгэсэн гэв.
Түүний хэлж буйгаар энэ вирусийн шинж тэмдэг нь эхний өдрөөс 39-40 хэм хүртэл халуурах, гүйлгэх, ам хатах, булчирхай цочих, хэл барзайх зэргээр илэрдэг аж. Хүндэрсэн тохиолдолд тархи,уушиг, зүрхийг хүртэл гэмтээдэг аюултай юм байна.
Иймэрхүү дотоод эрхтэнд нөлөөлдөг ханиад гарсан тухай цахим мэдээллийн сувгаар ч мөн гарсан тул энэ тухай тодруулахаар БЗД-ийн бүх шатлалын эмнэлэгт очиж, цаг үеийн байдлыг сурвалжиллаа.
Иргэдийн хамгийн түрүүнд ханддаг нэгдүгээр шатлалын эмнэлэг бол өрхийн эмнэлэг. Бид “Нэмүүлэн” ӨЭМТ-ийн их эмч И.Сэлэнгэсайхантай уулзсан юм. Тус эмнэлэгт яваад ороход хүүхдийнхээ ээлжит вакциныг хийлгэхээр ирсэн ганц гэр бүлээс өөр үйлчлүүлэгчгүй байв.
-Өвөл болж байна. Ханиад, томууны үе эхэллээ. Танай төвөөр ирж үйлчлүүлж байгаа хүүхдийн ачаалал хэр байна вэ?
-Одоохондоо дэгдэлт эхэлсэн гэх зүйл алга. Харьцангуй амьсгалын замын өвчин гайгүй намжмал байна.
-Дүүргийн хэмжээнд хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүд их байна гэсэн. Танайд онц ноцтой шинж тэмдэг бүхий ханиадтай хүүхэд бүртгэгдсэн үү?
-Үгүй, ноцтой гэх юм байхгүй. Ерөнхийдөө хэвийн байна. Дүүргийн хэмжээнд 28 хорооны хүүхдүүд үйлчлүүлж байгаа болохоор ачаалалтай байгаа нь аргагүй л дээ.
Ямартай ч тус хорооны байдал нам жим тайван байгаа нь сайшаалтай хэрэг юм. Ингээд тус дүүргийн II шатлалын эмнэлэг буюу ЭМН-ийг зорив. Тус нэгдэлд очиход хүүхдийн кабинетад үзүүлэхээр ирсэн хүүхэд байсангүй. Учир нь эмч нь тодорхой шалтгаанаар түр чөлөөтэй байсан тул өнөөдөр цаг бүртгээгүй ажээ. Тиймээс хүүхдийн кабинетын сувилагч Г.Оюунцэцэгтэй ярилцлаа.
Тэрээр ”Амбулаторид дийлэнхийг ханиад эзэлж байна. Хордлогын шинжтэй ханиад нэг хэсэг их байсан. Одоо арай намжмал болж байна. Харин шинэ төрлийн вирус тархсан тухай мэдээлэл ирээгүй. Угтаа бол бид өдөрт 32 хүүхэд үзэх ёстой байдаг ч энэ нь тун ховор. Ачаалалтай үед бол 2 дахин их хүүхэдтэй ажиллана шүү дээ. Хамгийн их ачаалалтай өдөр бол даваа гараг. Энэ ачаалал нь 2 янзын шалтгаантай гэж хэлж болно. Нэг талаас, эцэг, эхчүүд эрүүл ахуйн дэглэм сахидаггүй. Хайнга тоомжиргүй байдлаасаа, эсвэл хэт бэгнэснээс болоод хүүхдээ өвтгөдөг. Нөгөө талаас, тэд мөн өрхийн эмч нарыг залуу болохоор нь голох хандлагатай байдаг. Бас өрхийн эмнэлэгт хүүхдийн мэргэжлийн эмч байдаггүй учраас дүүргийн эмнэлгийг зорьж ирэх нь их байна. Бид I шатлалын эмнэлгээс явуулсан бичигтэй иргэдэд үйлчлэх ёстой. Үүнийг хүмүүс ойлгохыг хүсдэггүй, та нар үзэх ёстой гэдэг байдлаар харьцдаг. Уурлаж, загнах бол энүүхэнд. Энэ далимд харамсаж явдаг сэтгэлээ хэлмээр байна. Манай ээж, аав нар хүүхдээ тохируулж хувцаслаж огт чаддаггүй. Олон давхар зузаан хувцас өмсгөж байгаад тайлахад огцом салхи авснаас өвчин хүндэрдэг.
Түүнчлэн халууралтын талаар маш буруу ойлголттой байна. Хүүхэд 38,5 хүртэл халуурах нь энгийн үзэгдэл бөгөөд гаднаас орж ирсэн вирус, нянг эсэргүүцэж байгаа хэрэг юм. Энэ нь дархлаа сайн байгаагийн илрэл. Тиймээс халуун буулгах энгийн арга хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, бүлээн усаар норгосон алчуураар бүх биеийг нь ойр ойрхон 6-7 удаа арчих хэрэгтэй. Энэ нь эмнээс ч илүү үр дүнтэй. Ингэхдээ өрөөний дулаан 18-20 хэм байхад хангалттай. Гэхдээ хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж өндөр хэмийн халууныг даалгүй таталт өгдөг хүүхэд бол эм, лаа хэрэглэж болно. Манайхан замбараагүй эмийн хэрэглээнээс болж өнгөрсөн жил Парацетамолын хордлого нэлээд гарсан. Эм, тарианы эмчилгээнээс татгалзах нь зөв юм.
Эмчид үзүүлэлгүй эмийн санчаар оношлуулж эмчилгээ хийх нь элбэг. Үүнээс болж олон сөрөг үр дагавар үүсч болно.
Бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдэд халдвар тараагч байдаг. Хэрэв өглөө сэрэхэд хоолой чинь торж, сэрвэгнэж байвал та хоолойн болон ямар нэгэн төрлийн өрөвсөлтэй байна гэсэн үг. Энэ үед хүүхдээ үнсэх, аяга, халбагаараа хооллох зэргийг хориглох хэрэгтэй. Учир нь тухайн вирус нь том хүнийг өвчлүүлж дийлэхгүй ч хүүхдэд амархан халдаж, өвчлүүлдэг” хэмээн ярьлаа.
Тэрээр томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд гагцхүү иргэд өөрсдөө дэглэм чанд сахих хэрэгтэй гэдгийг онцлон анхааруулсан юм.
Харин эцэст нь Баянзүрх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн талаар болон амьсгалын замын өвчний тархалтын байдлаар тус эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч н.Туул эмчтэй уулзаж дараахь асуултад хариулт авав.
-Танай тасаг нэлээд ачаалалтай байгаа бололтой. Ямар өвчин зонхилж байна вэ?
-Жил бүрийн 11 дүгээр сараас ерөнхийдөө томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг. Харин 12, 1 дүгээр сард хамгийн дээд цэгтээ хүрдэг болохоор пик үе гэдэг юм. Одоо манайд дандаа ханиадтай буюу олон хэлбэрээр илэрдэг вирусийн гаралтай амьсгалын замын өвчтэй хүүхдүүд л хэвтэж байна. Хэрэв өөр төрлийн өвчтэй хүүхэд ирвэл бид аль болох өөр өрөөнд тусгаарлахыг хичээдэг.
-Сүүлийн үед Kawasaki гэдэг вирусийн төрөл монголд орж ирсэн байна гэсэн мэдээлэл гараад байна. Энэ нь тархи, уушиг, зүрхийг гэмтээдэг гэх юм. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Манайд яг энэ вирус илэрсэн гэсэн мэдээлэл байхгүй байна. Байсан бол шинжилгээгээр гарч ирнэ л дээ. Харин дотор эрхтнийг гэмтээхийн тухайд бол аливаа өвчин хүндрэх л юм бол бусад эрхтэндээ нөлөөлж, гэмтээх аюултай. Тэгэхээр ханиад ч бас адилхан хүндэрсэн тохиолдолд цусаар дамжаад бусад эрхтнүүдэд болон зүрхэнд хүртэл нөлөөлж өвчлүүлнэ. Дан ганц Kawasaki төрлийн вирус ингэж нөлөөлнө гэж ойлгох нь буруу. Ханиадны вирус нь янз бүр байдаг бөгөөд тухайн хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж ямар ч хэлбэрээр илэрч болно. А хүрээний вирусээр өвдөхгүй мөртлөө С хүрээний вирусээр амархан өвдөх жишээтэй. Өөрөөр хэлбэл, нэг орчинд байгаа 2 хүүхдийн нэг нь гэдэс барьдаг буюу гүйлгэдэг ханиадыг тусаад нөгөө нь шууд хатгаа авчихдаг гэсэн үг юм.
-Тэгвэл шинэ төрлийн дээрх вирус нь манайд орж ирээгүй гэж ойлгож болох уу?
-Бидэнд тийм мэдээлэл ирээгүй. Шинжилгээгээр ч илэрсэн тохиолдол гараагүй байна. Гадаадад байсан хүмүүс болон ер нь дам дамандаа сонссон зүйлээ хүмүүс сайн тодруулж байж ярихгүй бол иргэдийн дунд буруу мэдээлэл тарааж, сенсаци үүсгээд зогсохгүй олон нийтийг цочирдуулах нийгмийн чанартай асуудал үүснэ. Энэ нь нэг ёсондоо нэг төрлийн ухуулгын шинжтэй гэмт хэрэг гэж хэлж болох юм шүү дээ.
-Танай эмнэлэгт хамгийн сүүлд хэчнээн хүүхэд хэвтсэн бэ? Хэдэн хүүхдийн ортой билээ?
-Өнөө өглөөний байдлаар 12 хүүхэд нэмж хэвтсэнээр 125 ортой эмнэлэгт 188 хүүхэд хэвтэж байгаа. Ид дэгдэлтийн үеэр 40-50 хүүхэд нэмэгддэг гэхээр ямар ачаалалтай болдог нь ойлгомжтой байгаа биз дээ. БЗД-т ганцхан манай эмнэлэг хэвтүүлэн эмчилдэг. Ачааллыг багасгахын тулд манайх шиг эмнэлэг дор хаяж хоёр байж гэмээ нь асуудал нааштайгаар шийдэгдэх боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Тасгийн хонгилд, бүр шалан дээр хүртэл хэвтэж өрөө хүлээн эмчлүүлж байгаа иргэдийг хараад, тэд аргагүйдээ ийн хэвтэж буй биз гэсэн өрөвдөх, шимшрэх сэтгэл төрж явлаа. Сувилагчаас нэгэн эмэгтэй"ор гарах болов уу, хэзээ шилжих боломжтой вэ?" гэж цаанаа л зутарсан байдалтай асууж байсан юм. Тэрээр “Манай хүүхэд хатгаатай гээд хэвтэж байгаа. Энд ирээд хоёр хонолоо. Ор хэзээ гарах бол гээд л хүлээж байна даа” гэв. Харин бас нэг аав “Манай хүү ой дөрвөн сартай. Хатгаатай ирээд 7 хонож байна. Маш их хүүхдүүд ирж байна. Хүү маань өмнө нь бас хэвтээд гарсан. Сая дахиад ирж хэвтлээ. Сайн, гүйцэт эмчлэхгүй бол амархан хүндрэх юм билээ. Гол нь бас сайн гам хийхгүй бол эмчилгээ хийлгэсний хэрэг гарахгүй, эцэст нь хүүхэд л зовох юм. Уучлаарай эмчилгээний цаг болчихлоо” хэмээн явж одов.
Энэхүү сурвалжлагынхаа эцэст дахин сануулахад, дээр дурдсан айхтар вирус ямартай ч эрүүл мэндийн байгууллагын хүрээнд бүртгэгдээгүй байгаа гэдгийг бүх шатлалын эмч нар хэлж байсан юм. Ер нь томуу, томуу төст өвчин хавар, зун гэдсээр, намар, өвлийн улиралд амьсгалын шинжээр илэрдэг улиралшилтай байна гэдгийг Баянзүрх эмнэлгийн Ерөнхий эмч О.Бямбаа мөн онцолсон билээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ