Үхсэн хархүүгээ үрийн донор болгов

Зам тээврийн осолд орж таалал төгссөн сүйт хархүүгээ эмнэлэгт хүргэгдэнгүүт түүний дурлалт бүсгүй цогцос нь хөрөөгүй дээр нь үрийн шингэнийг нь гарган авах ажилбар хийлгүүлжээ. Түүнийг огт танихгүй хүмүүс зовлонг нь ойлгоод бүсгүйд 11 мянган доллар өгснөөр энэ ажилбарыг хийх боломж хангагдав. Өнгөрсөн баасан гаригт Кэмерон Робинетт гэдэг америк бүсгүй өөрийн сүйт хархүү Стефан Лукастай суурьшихаар нэгэн байшин хайж байтал түүн рүү эмнэлгээс утасджээ. 25 настай найз залуу нь мотоциклтой явж байгаад аймшигтай осолд орон маш хүнд байдалд байсан гэнэ. Кэмерон эмнэлэгт очтол сүйт залуу нь комд орсон байжээ. Даваа гаригт эмч нар Стефаныг клиник үхэлд орсон гэж мэдэгдэв. Залуугийн тархи нь ажиллахаа больжээ.
Гэтэл Кэмерон бүсгүй маш их хайртай хүнээсээ бүрмөсөн хагацахыг хүсээгүй аж. Тэрбээр удтал хөөцөлдсөний эцэст Стефаны үрийн шингэнээс дээж авах боломжтой болжээ. Үндсэндээ тэр үхсэн хүнийг үрийн шингэний донор болгож чадсан байна. Клиник үхэл болсон гэж мэдэгдсэнээс хойш хэдэн цагийн дараа тэр ажилбарыг явуулсан гэнэ. Кэмерон бүсгүйд уг ажилбарын зардалд шаардлагатай 6000 долларыг олоход ердөө ганцхан өдөр байсан юм.
Ийм мөнгө түүнд байгаагүй тул тэрбээр цахим ертөнцөөр аврал эрсэн байна. Үл таних хүмүүс түүний зовлонг ойлгоод өгөөмөр зангажээ. Асар богино хугацаанд тэд Кэмероны дансанд 11 мянган доллар шилжүүлсэн нь шаардагдах мөнгөнөөс бараг хоёр дахин их байв. Зарим нэг нэрээ нууцлахыг хүссэн хандивлагчид бүсгүй рүү 1000, тэр ч бүү хэл 2000 доллар илгээжээ. Үүний ачаар Кэмерон таалал төгссөн сүйт хархүүгийнхээ үрийн шингэнийг авах ажилбар хийлгүүлээд эр бэлгийн эсүүдийг тусгай хадгалах газар нэг жилийн хугацаатай хийлгүүлсэн аж. Энэ хугацаанд бүсгүй ертөнцөөс хальж одсон хүний үрийн шингэнийг өөртөө суулгуулан хүүхэд төрүүлэх боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ