Н.Энхбаяртай хийсэн гэрээг хүчингүй болгожээ

Өнөөдөр АН-ын зүгээс хэвлэлийн бага хурал зарлаж ҮЗХ-ны хуралдааны талаар мэдээлэл хийлээ. Хоёр өдөр үргэлжилсэн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ямар асуудал хэлэлцсэн болон, түүнээс үндэслэн ямар шийдвэрүүд гарсныг тус намын генсек Ц.Оюундарь, Хурлыг зохион байгуулах нарийн бичгийн дарга Д.Анхбаяр нар мэдээллээ.

ҮЗХ-ны хурлаар үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, намын их хурлыг товыг зарлах, Хяналтын хорооны гаргасан Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг намаас хөөх тогтоолыг батлах эсэхийг хэлэлцсэн байна. Ингээд ирэх арванхоёрдугаар сарын 08-ны өдөр намын Их хурлыг хуралдуулахаар тов гаргасан байна. Их хурлаар намын даргыг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Хурлыг зохион байгуулахаар ҮЗХ-ны 15 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулжээ.

Мөн олны сонирхлыг хамгийн их татаж байсан нэр бүхий найман гишүүнийг хөөх шийдвэр гаргасан Хяналтын хорооны тогтоолыг дүрмийн бус шийдвэр гэж үзэн, дэмжээгүй ажээ.

Хүлээлт үүсгээд буй шинэ Засгийн газрыг байгуулах ажлыг УИХ дахь АН-ын бүлэгт даалган, УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөн оруулж ирэхийг үүрэг болгохын зэрэгцээ Н.Алтанхуягийн Н.Энхбаяртай хийсэн гэрээг хүчингүй болгожээ. ҮЗХ хоёр хоног хуралдахдаа ийм шийдвэрүүд гаргажээ. Ингэснээр УИХ дахь тус намын бүлгээс парламентад суудалтай намуудтай зөвшилцөж Засгийн газар байгуулах нь тодорхой болжээ.

М.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ