Лох Несс нуурын аймшигт амьтан дахин үзэгджээ

Нэлээд хэдэн жилийн турш таг чиг байсан Лох Несс нуурын аймшигт амьтан нэг сайхан домог л болж үлдсэн мэт санагдаж байсан ч, дахин үзэгджээ. Энэ удаа гаж үзэгдэл судлаач Жонатан Брайт түүнийг харж, зургийг нь авч амжсан байна гэж “Дейли стар” сонинд бичжээ.

Тэр сүүлийн 50 жилд Шотландын энэ нуурын гадаргууд уг амьтан үзэгдсэн баримтуудыг судласнаар,багцаагаар хаана, ямар үед гарч ирж болохыг тооцоолоод, түүнийг харуулдах болсон байна. Тийнхүү аз тохиох хүртэл тэр гурван долоо хоног орчим нуурын эрэгт отолтод суужээ.

“Эхлээд эргэн тойронд бүх зүйл нам гүм болж, тэр ч байтугай салхи намжиж, шувуу ч жиргэхээ больсон мэт санагдаж байсан. Гэтэл гэнэт ус бургилж, толгой бүхий урт гэгчийн хүзүү усны гадаргууд гарч ирсэн юм. Намайг зургийн аппаратаа гаргаж, ойртож ирэхийг нь хүлээх хүртэлмаш бага хугацаа өнгөрсөн.

Несси агаар амьсгалаад, буцаад ус руу шунгасан. Харамсалтай нь, техник бага зэрэг гацаж, тэгээд би хүзүүний нэг хэсгийн л зургийг авч, харин толгой нь хэдийнэ усанд орчихсон байсан” гэж Брайт сэтгүүлчдэд ярьжээ.

Нессийг харсан, үнэхээр ийм амьтан байдаг юм байна гэж судлаач хэлээд, гэхдээ миний авсан зураг тийм сайн болоогүй гэдгийг зөвшөөрчээ.

“Энэ зураг нь маргаан өрнөх шалтаг мөн. Энэ нь нөгөөх аймшигт амьтан байна гэж нэг хэсэг нь хэлнэ, харин бусад нь энэ бол ус тэгж харагдсан хэрэг гэж хэлж, үлдсэн нь энэ бол төөрөгдөл гэж хэлэх л байх. Үүнээс гадна,энэ нь ердөө л байгалийн үзэгдэл юмуу гаж сонин үзэгдлийн илрэл хэмээн хэлж болох юм” гэж Брайт ярьж байна.

Брайт уг нь Грек улсын уугуул иргэн, гэвч Лох Несс нуурын учир битүүлэг явдлыг судлахын тулд Шотландад ирснийг хэлэх хэрэгтэй. Энэ хугацаанд тэр олон мянган зураг авч, харин сая л тэр амьтныг зургийг авч чаджээ.

Дашрамд дурдахад, ийм аймшигт амьтан байдаг гэдэгт итгэдэг олон хүн Роберт Райнсын домогт зургуудад гарсан “Нессийн толгойнууд” гайхалтай адилхныг нэгэнт тэмдэглэсэн юм.

Америкийн хавсарга шинжлэх ухааны академийн эрдэмтэн энэ хүн 1972 онд тухайлбал хэт дуу авиан болон гэрэл зургийн аппарат хэрэглэн, Нессийг эрж хайх хэд хэдэн судалгаа хийжээ.

Райнс үлгэр домгийн гэлтэй амьтны хамгийн сайн зургуудыг авсан бөгөөд түүний гэрэл зургууд Шотландын аймшигт амьтан байдгийг баримттайгаар нотлосон цорын ганц баримт гэж өнөөдөр тооцогддог юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ