Хуучин сайдын гэрээ хүчингүй болж, шинэ сайдын “сунгаа” эхэллээ
Ардчилсан намын Үндэснийзөвлөлдөх хорооны ээлжит бус 43 дугаар хурал өнгөрөгч баасан, бямба гарагт нэлээд “халуухан” өрнөж, сүүлийн үед олны анхаарал татаад байгаа хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Ялангуяа хэний ч санаанд оромгүй байдлаар үйл явдлыг “товчилж”, өнгөрсөн хэдэн сарын турш хэвлэлийнхэний бай болж явсанЕрөнхий сайд Н.Алтанхуяг ердөө л зургаахан саналын зөрүүгээр суудлаасаа огцорсон нь энэхүү хурлын гол асуудал байлаа.
“Шинэчлэлийн” Засгийн газрыг унагах санал хураалтад АН-ын нэр нөлөө бүхий нэлээд хэдэн гишүүн кноп дарсан бөгөөд намын эрх ашгаас илүүтэй улс орныхоо өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвт ийн анхаарсан хэрэг гэх тайлбарыг өгч байв.
Мөн энэ хүрээнд АН-ын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хурлаар авч хэлэлцсэн чухал асуудал нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай өнгөрсөн аравдугаар сарын 18-нд гарын үсэг зурсан “Хамтран ажиллах гэрээ” байсан нь мэдээж. Тиймээс хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хурлаар намын дүрмийн дагуу ҮЗХ-ны гишүүдийн саналыг үндэслэн уг тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон юм.
Ардчилсан нам болон МАХН ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд цаашдын чиг хандлага, үйл ажиллагаагаа уялдуулах замаар түншлэн оролцох төдийгүй тус хоёр нам олонхийн суудал аваагүй үед Засгийн газрыг хамтран байгуулах гэх мэт 14 орчим заалттай энэхүү гэрээг үзэглэсний дараа олон нийт гайхширч, АН-ын гишүүд шат шатандаа дургүйцлээ илэрхийлж байсан нь нууц биш. Тиймээс олны шаардлагын дагуу АН-ын ҮЗХ-ын хурлын гишүүд нэн даруй асуудлыг хэлэлцээд “Хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгосон нь энэ.
Түүнчлэн уг хурлаар багагүй асуудал дэгдээгээд байгаа нэгэн асуудлыг хэлэлцэж, “Шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналд нөлөөлсөн гэх үндэслэлээр нэр бүхий найман гишүүнийг АН-аас хөөхөөр Хяналтын зөвлөлийн хорооноос гаргасан шийдвэрийг цуцалсан байна.
Харин олон нийт болон сөрөг хүчний анхаарлын төвд байгаа АН-ын даргын асуудлыгҮЗХ-ны ээлжит бус хурлаар хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, ирэх арванхоёрдугаар сарын 08-нд товлосон АН-ын Их хурлаар энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэх ажээ. “Намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн заалт бүхий дүрмийнхээ дагуу шинэ Засгийн газрын тэргүүнээр хэнийг сонгох нь тодорхойгүй, АН-ынхан асуудлыг ийнхүү хойшлуулаад байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн эрхмийн нэр дайсан “бор шувуу” хэдийнэ нисч эхэлсэн.
Төрийн ажлын залгамж чанарыг алдагдуулахгүйн тулд хамгийн богино хугацаанд шинэ Засгийн газрыг эмхлэх үүрэг эрх баригч АН-ынханд оногдсон ч тэд шинэ Засгийн газрын тэргүүний томилгоог яриагүй нь эл асуудлыг дэвэргэсэн байж болох. Ерөнхий сайдын “сунгаа”-нд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, С.Гантөмөр нарын нэрс тодхон дурайж байгаа энэ үед бас нэгэн асуудлын “учиг” тайлагдсан юм. Тухайлбал, сүүлийн үед хэвлэлийнхэний онцолж буй томоохон сэдэв нь УИХ-ын дарга З.Энхболдыг шинэ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудал байсан бөгөөд тэрбээр эл суудалд нэгэнт томилогдохгүй гэдэг нь эл хурлаар тодорхой боллоо.
АН-ын ҮЗХ-ын гишүүд ирэх арванхоёрдугаар сарын 08-нд намын Их хурлыг хуралдуулах талаар ярилцаж санал нэгдсэн болохоо өчигдөр хэвлэлийнхэнд тайлагнасан. Их хурлын үеэр шинээр сонгогдох Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээс гадна “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар авч хэлэлцэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ