Цахилгаан станцад гал гарч аюултай нөхцөл байдал үүссэн

ДЦС III-ын трансформатороос нь гал гарч, 110-ын шугам нь шатсан. Галын талаар Нийслэлийн Онцгой байдлын албаны орлогч дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-ДЦС III-ын трансформаторт гарсан галын талаар тодруулахгүй юу?
-Өчигдөр орой 20.57 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутагт байрлах Дулааны цахилгаан станц III ТӨХК-ийн хашаанд байлаж байгаа “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн 35/110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн Т1 трансформаторт гал гарсан. Тухайн үед трансформаторт засварын ажил хийж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, хүчдэлд холбоогүй буюу үйл ажиллагаа хийгдээгүй байсан. Онцгой байдлын алба хаагчид дуудлага аваад долоон минутын дотор буюу 21.04 цагт анхны гал унтраах анги газар дээр нь очсон. Гал гарсан газар өндөр хүчдэлтэй аюултай газар, Т1 трансформатор дотор дан тосоор хөргөлтийн ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, 40 орчим тонн тос сэлгэлт хийгдэж байдаг төхөөрөмжтэй. Тиймээс тос нь дөллөж шатаад, маш аюултай нөхцөл байдал үүссэн байсан.
-Хэр хурдан арга хэмжээ авч ажилласан бэ?
-Ийм төрлийн галыг ганцхан усаар унтраадаггүй. Зөвхөн хөөсөөр унтраадаг учир нэмэлт хүч шаардлагатай байсан. Тиймээс дөрвөн гал унтраах ангийн таван тасгийг гаргасан. 75 албан хаагч, есөн автомашин болон бусад техник хэрэгсэлтэйгээр, 1650 литр хөөс, 35.8 тонн ус зарцуулсан. Улмаар 21.28 цагт галын тархалтыг зогсоосон. Тиймээс алба хаагчид шуурхай ажиллаж 24 минутад галыг аюулгүй болгосон гэсэн үг. Нийтдээнэг цаг 20 минут ажиллаж, галыг бүрэн унтраасан.
-Гал чухам юунаас болж гарсан бол?
-Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоосон уу?
-Одоогийн байдлаар хохирлын тоо хэмжээ гараагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй ч дотроо бага хэмжээний хүчдэл, цахилгаан байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Гэхдээ биднийг очиход инженер техникийн ажилчид арга хэмжээ аваад хүчдэлгүй болгочихсон байсан. Биднийг очиж ажиллахад ямар ч байсан ямар ч хүчдэл байхгүй галыг унтраах боломжтой гэж хэлсэн учир ажиллагаа явуулсан. Хэрэв хүчдэлтэй байсан байсан бол галыг унтраахад маш бэрх буюу бараг боломжгүй байх байлаа. Тиймээс цаашид юунаас болж гал гарсан, тухайн үедээ хүчдэлтэй байсан эсэхийг цагдаагийн байгууллага олж тогтоох байх.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ