Ц.Отгонбагана: Зөвхөн шинээр элсэх хүүхдүүдэд хамран сургах тойрог хамаарна

Нийслэлийн ЕБС, цэцэрлэгүүд 2013-2014 оны хичээлийн жилд зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдээ авахаар болсон.Үүнтэй холбоотой ойлголтын зөрүү ч гарах болжээ. Ийм тойрог тогтоосноор хуучин явж байсан хүүхдүүдийг гаргах гээд байна гэсэн асуудал зарим цэцэрлэгт гарчээ. Иймээс эцэг эхчүүд манайх хамран сургах тойрогт багтаагүй болохоор хүүхдэд маань орох сургууль алга гэж гомдоллож байна. Сургууль, цэцэрлэгийн элсэлт тойрсон асуудлаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай ярилцлаа.

-Хамран сургах тойрог тогтоочихоор сургууль, цэцэрлэгүүд хөдөлгөөнд орох нь. Энд тэнд сурдаг хүүхдүүдээ тойргийнх нь сургуульд заавал шилжүүлэх юм уу гэж асуух багш, эцэг эх олон байна. Хамран сургах тойрог бүх ангиудад хамаатай юу?

-Хамран сургах тойргийг нийслэлийн ЕБС болон цэцэрлэгүүдийн хувьд шинэчлэн тогтоосон. Учир нь шинээр баригдсан орон сууцнууд болон зарим хорооны хэсэг, гудамж хамран сурах тойроггүй байна. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг тэнцүүлэх зорилгоор шинэчлэн тогтоосон. Хамран сургах тойрог тогтоосныг зарим нэг сургууль, цэцэрлэгийн удирдлага буруу ойлгосон шиг байна. Ялангуяа цэцэрлэг дээр ийм асуудал гарсныг бид таслан зогсоосон. Хамран сургах тойрог зөвхөн шинээр элсч байгаа хүүхдүүдэд хамаатай. Тэрнээс биш өнөөдөр цэцэрлэг, сургуульд хүмүүжиж, сурч байгаа хүүхдүүдэд хамаарахгүй. Одоо суралцаж байгаа хүүхэд нь хамран сургах тойргийн бус байсан ч гэсэн дараагийн хичээлийн жилд явж байсан сургууль,цэцэрлэгтээ л үргэлжлүүлээд суралцана.

-Ер нь энэ жил хэчнээн хүүхэд шинээр сургуульд элсч байгаа юм бэ?

-22 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Өмнөх жилүүдийнхээс 3000-аар өссөн тоо. Учир нь төрөлт их байсан гэгддэг одоогоос зургаан жилийн өмнөх алтан гахай жилд төрсөн хүүхдүүд сургуульд орж байгаа.

-Нэгдүгээр ангийн элсэлт жигдэрч байх шиг байна. Гэхдээ зарим эцэг эх хүссэн сургуульдаа хүүхдээ сургахыг боомиллоо, зөвхөн хамран сургах тойрогт л хүүхдээ бүртгүүл гээд нэлээд ууртай, бүр Засгийн газрын 11-11 төвийн утсанд хүртэл хандаж гомдлоо илэрхийлсэн байгаа?

-Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг тавдугаар сарын 1-15-ны хооронд төрийн, төрийн бус сургууль гэсэн ялгаагүйгээр нэгэн зэрэг зохион байгуулж байна. Нийслэлийн сургуулиудын барилгын хүчин чадлын ашиглалтын коэффициент 1.6 байгаа. Өөрөөр хэлбэл 100 хүүхэд сурах багтаамжтай сургуульд 160 хүүхэд сурч байгаа гэсэн үг. Төвийн нэлээд сургууль, ялангуяа нэг, 23 дугаар сургуулийн анги дүүргэлт 52 хүүхэдтэй болж байна. 17 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Тойргийн бус хүүхдүүд авдаг нь гурван ээлжээр хичээллэх гол шалтгаан. Нэгэнт сургуулиудын хүчин чадал хүрэхгүй байгаа болохоор хамран сургах тойргийг хатуу тогтоосон. Тухайн сургууль шинээр элсэлт авахдаа зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг авна. Ингэж сургуулиудын хүчин чадлыг тэнцүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг эцэг эхчүүд сайн ойлгохгүй, би дуртай сургуульдаа хүүхдээ сургах эрхтэй гэж тулгадаг.

-Манайх Яармагт амьдардаг байя гэж бодъё. Гэсэн ч би хүүхдээ хотын төвийн, сургалт арай гайгүй гэсэн сургуульд сургамаар байна шүү дээ. 23 дугаар ч юм уу, 84 дүгээр сургуульд.Ийм хүсэлтэй эцэг эхийн хүслийг харгалзан үзэх ямар нэг зохицуулалт бий юү?

-Боломжгүй. Сургууль, цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн хүүхдүүдээ л элсүүл гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Олон эцэг эх хүүхдээ нэг, тав, 14, 33, 84 дүгээр гэсэнсургалт сайтай гэгддэг сургуульд сургамаар байна гэдэг. Мэдээж энэ зөв л дөө, хэн ч гэсэн хүүхдээ аль сайн сургуульд сургаж, сайн боловсрол, мэдлэгтэй болгохыг хүснэ. Гэхдээ НБГ-аас бүх сургуулийн сургалтыг сайжруулах бодлого барьж байгаа. Сайн сургууль гээд хэдэн сургууль байдаг, бусад нь хотын захын ч юм уу, сургалт муутай гэдэг яриа, ялгааг арилгах чиглэлээр ажиллаж байна.

Цөөхөн сургууль нь сайны жишээнд ордог. Тэдгээрт эцэг эхчүүд хүүхдүүдээ өгөхийг хичээдэг. Үүнээс болоод хэт ачаалал үүсдэг хандлагаас татгалзаж байгаа. Ялангуяа бага боловсрол дээр анхаарч байгаа. Энэ жил дөрвөн сургуульд хүүхэд бүрийг хөгжүүлдэг туршлагыг туршилтаар нэвтрүүлсэн. Ирэх жил ийм сургуулийн тоо 10-20 болно. Мөн бага ангийн багш нарыг чанартай бэлтгэхэд анхаарч байна. Хамран сургах тойргийг тогтоож байгаагийн бас нэг шалтгаан хүүхдийг аль болохоор гэрийн ойр сургах бодлогод нийцүүлж байгаа юм. Хаа байсан хотын зүүн, баруун захаас хотын төв ордог хүүхдүүд бий шүү дэ. Тэд хичнээн цаг автобусанд явах вэ, дээр нь автобусны мөнгө төлнө, хол газар явж сургуульд хүрнэ гэдэг бас эрсдэл дагуулна. Бид болохоор хүүхэд 500 метр дотор гүйгээд л сургуульдаа хүрчихдэг болгох гээд байгаа юм. Автобус машины тусламжгүй. Хол газар хүүхэд өдөр бүр явна гэдэг наанадаж ядарна, залхана. Хичээлдээ дургүй болно. Өвөл бол бүр хэцүү. Хол сургуульд явахын оронд гэртээ суугаад хичээлээ давтах нь илүү үр дүнтэй.

-Яригдаад байгаа 80 бага сургуулийг барьчихвал ингэж хамран сургах тойрог ч тогтоох хэрэг байхгүй. Сургуулиуд хангалттай хүрнэ биз дээ?

-80 бага сургуулийн байршил нь батлагдсан. Одоо 80 сургууль барих санхүүжилтийн асуудал байна. Мэдээж бага сургуулиудыг олон барьснаар одоогийн сургуулиудын ачаалал буурна. Тухайлбал, зарим сургуулийн ачаалал 54 хувь хүртэл буурахаар байна. Харин энэ жил таван сургууль, хоёр л цэцэрлэг ашиглалтад орохоор байгаа.

-Хамран сургах тойрог тогтоочихоор анги дүүргэлт хэр байх бол. Ийм судалга хийсэн үү?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Бага сургуулиудын хувьд анги дүүргэлт 30.8 хувьтай байгаа. Харин эрэлттэй найман сургуулийн анги дүүргэлт 52 хүртэл байна. Эдгээр сургууль зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг авна гэвэл 50 хүрэхгүй. Анги дүүргэлт хэвийн хэмжээнд байх бололцоотой байгаа юм. Сайдын тушаалаар бол нэг ангид 30-35 хүүхэд сурах нормтой. Эцэг эхчүүд хамран сургах тойргийнхоо сургуульд л хүүхдээ сургавал энэ хэмжээнд барих боломжтой.

-Хотын төв ч яах вэ, болно. Хотын зах руугаа, сайн муу нь ялгаагүй, сургууль болгонд шахуу нэг ширээнд гурваараа сууж байгаа. Ялангуяа Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын дундахь сургуульд ийм анги олон байна. Хамран сургах тойрог тогтоочихоор эдгээр сургуулийн ачаалал буурах уу?

-Үнэхээр Сонгинохайрхан дүүргийн оршин суугчид их байгаа болохоор 65, 67, 105, 104 гэх мэт зургаан сургууль зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг аваад гурван ээлжээр хичээллэх болчихоод байна. Гурваар суулаа гээд хүүхдийг сургуульгүй орхиж болохгүй. Бид нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдүүдийг заавал авна. Үнэхээр сургуульгүй хаягдчих гээд байгаа хүүхэд байвал тухайн дүүргийнхээ элсэлтийн комисст хандаач ээ, шаардагатай бол манай Боловсролын газарт ч хандсан болно.

-Хавар элсэлт зохион байгуулахаар намар нь бас элсүүлье гэсэн асуудал гардаг. Ялангуяа цэцэрлэг дээр. Зун нь шилжээд ирсэн ч юм уу асуудалтай айл нэгээр тогтохгүй байдаг даа.

-Намар элсэлт авахгүй. Хавар элсэлт зохион байгуулж байгаа гурван учир шалтгаан байна. Сургуулиуд хүүхдийнхээ тоогоор санхүүждэг. Тэгэхээр бид хавар элсэлтээ зохион байгуулаад хүүхдийнхээ тоог гаргачихаар санхүүгийнхээ тооцоог давхар хийчих гээд байгаа юм. Энэ хэрээрээ 2014 оны төсөвт хэдэн төгрөг суулгахаа төлөвлөчихнө. Мөн хүүхдийн дүрэмт хувцас, сурах бичгийн асуудлыг сургуулиар нь дамжуулж зохион байгуулна. Бага сургуулийн хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс эхэлж нэгдсэн дүрэмт хувцастай болно. Дүрэмт хувцасны захиалгыг сургуулиар нь дамжуулж авч байгаа. Ийм болохоор хүүхдийн тоо гарсан байх учиртай.

-Цэцэрлэгийн бүртгэл одоог хүртэл хийгдээгүй байгаа. Уг нь хавар бүртгэнэ гэж зарласан. Ямар журмаар хэзээ бүртгэх гээд байгаа юм бэ?

-Саяхан БШУ-ны сайдын албан даалгавар гарсан. Цэцэрлэгийн хүүхдүүдийг тавдугаар сард багтааж бүртгэ гэсэн. Цэцэрлэг дээр ч гэсэн бид хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон байгаа. Цэцэрлэгийн хувьд эцэг эхчүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Нэгдүгээр ангийн хүүхдийг бид нэг ч хүүхэд үлдээлгүй бүртгэж сургуульд сургах бүрэн бололцоотой. Харин цэцэрлэгийн барилгын хүчин чадлыг 1.5-2 дахин нэмэгдүүлж байгаа хэрнээ авах ёстой хүүхдийнхээ дөнгөж 60 хувийг хамруулж чадаж байгаа. Өөрөөр хэлбэл, 100 хүүхдээс 40 хүүхдийг авах ямар ч боломж бололцоо байхгүй. Байдал ийм байгаа болохоор тухайн цэцэрлэгт хамран сургах тойргоос явбал зохих хэдэн хүүхэд байна, хэдэн хүүхэд авах хүчин чадалтай юм, давуулж авбал хэд хүргэх бололцоотой юм гэхчлэн судалгаа гаргаад дуусч байна. Нэгтгээд дууссаны дараагаар бүртгэлийн асуудлаа шийдэж, нэгдсэн зөвлөмж гаргана. Зориуд хэлэхэд нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн элсэлтийн зөвлөмж гаргатал нэг ч цэцэрлэг бүртгэл хийхгүй. Тийм учраас эцэг эхчүүд минь тайван байцгаа.

-Тухайн цэцэрлэг авах ёстой хүүхдийнхээ 60 хувийг авна гэхээр бас асуудал гарах нь ээ. Хэний хүүхдийг аваад, хэнийхийг авдаггүй юм гээд. Дээр нь цэцэрлэгийн эрхлэгчдийн гарыг хүндрүүлж хүүхдээ өгөх оролдлого ч гарч магадгүй.

-Цэцэрлэгийн хамран сургах тойргийн хүүхдүүдийн тоог хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтарч маш нарийн гаргаж байна. Хорооноос нарийн тоо авсан цэцэрлэгүүд өөрийн гэсэн элсэлтийн бодлого гаргах юм. Тэртээ тэргүй цэцэрлэгүүдийн хүчин чадал хүрэхгүй байгаа учраас ямар хүүхдийг яаж авах вэ гэдэг бодлогоо тодорхойлно. Хэрвээ та гэртээ хүүхдээ харах бүрэн боломжтой бол заавал цэцэрлэгт өгөх шаардлагагүй шүү дээ. Энэ мэтчилэн гэртээ үнэхээр эзэнгүй хаягдчих гээд байгаа хүүхдүүдийн судалгаа хийж авна гэсэн үг. Эцэг эхчүүд гомдол санал мэдээж хэлнэ. Гэхдээ байдал ийм байхад хамгийн боломжит аргаар нь зохицуулахыг хаа хаанаа хичээж байна. Харин НБГ-аас дараа жил нь сургуульд орох таван настнуудыг заавал ав гэсэн зөвлөмжийг цэцэрлэгүүдэд өгсөн байгаа.

-Цэцэрлэгийн элсэлтболохоор ээж аавууд гадаа нь дугаарлаж хонодог түүх бий. Давтагдах вий дээ?

-Давтуулахгүй байх арга хэмжээг л аль болохоор авч байна. Өмнөх жилүүдэд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн төлөө цэцэрлэгийн гадаа хонож байсан чтохиолдол бий. Хамран сургах тойргийг нь тогтоогоод, элсэлт авах өдрийг нь товлочихоор арай ч гадаа хонотлоо дугаарлахгүй байх. Дээр нь хүүхдийнх нь шээсний, цагаан хорхойн шинжилгээг эцэг эхчүүдээс нэхдэг байсан. Харин энэ жил шинжилгээнүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулж өгүүлнэ. Зардал чирэгдэл гарахгүй.

Л.Мөнхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ