Аллаа ч гэх шиг...

“Аллаа” гэх дуу чихэнд хадаах адил хүүхдээ заазуурдсан, эхнэрээ сүхдсэн гэх мэт олныг цочирдуулсан хэрэг чих амраахаа болив. Гэмт хэрэг өдрөөс өдөрт өссөөр буйг статистик дүн мэдээ баталж байна. Хууль зүйн дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын гарт очдог нэг их ил биш мэдээлэл байдаг.

Түүнд дурдсанаар өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 8378 гэмт хэрэг бүртгэгдсэн байх юм. Энэ тоо ганцхан сарын дотор 6051-ээр өсчээ. Гэмт хэргийн золиосонд 368 хүн алтан амиа алдсан нь гуравдугаар сарынхаас 234-өөр нэмэгдсэн байна. Аймшигтай тоо баримт. Ямар дайны гал дүрэлзэж байгаа Сири биш дээ. Хүний санаанд оромгүй гэмт хэрэг өдүүлэгсдийн тоо 1656-6733-т хүрсэн нь геометрийн прогрессоор дөрөв дахин өсчээ. Энэ тооны цаана гэмт этгээдүүд даварч байгаа дүр зураг тодоос тод харагдаж байна. Тэдний гарт өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлгийнхэн, өмч хөрөнгөө хараа хяналтгүй орхидог салан задгайчууд өртдөг нь нууц биш. Дээрх статистик мэдээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 13 тэрбум төгрөг байснаа бас л ганцхан сарын дотор 35 тэрбумд хүрчээ. Энэ бүхэн нэг л биш ээ.

Уг нь Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар томилогдоход иргэд амар тайван амьдрах болж, шударга ёс тогтоно гэсэн том горьдлого тээж байлаа. Өнөөдөр Монгол Улсад нийт 1103 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гуравдугаар сард 947 байсан хууль даруй 156-аар нэмэгдсэнийг бодоход гэмт этгээдүүдийн гишгэх газар улам хумигдсан баймаар. Эсвэл эрхэм гишүүдийн гараас ийм шүүрэн шанага шиг хууль гараад байгаа юм уу. Залуу сайд маань эрх зүйн шинэтгэл ярьж гарч ирсэн, одоо хэрэгжүүлж эхэлж байгаа гэсэн. Түүний эрхлэх асуудлын хүрээнд цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, төрийн захиргааны байгууллагын хууль зүйн үндэслэл зэрэг олон юм багтдаг.

Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн сайдын ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарсан эхний асуудал бол Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын талаарх шийдвэр байлаа. Сайдын хүссэнчлэн Засгийн газрын 2012 оны 122 дугаар тогтоолоор ТТАХНЭ-ийг Батлан хамгаалах яаманд төсвийн хамт шилшүүлсэн. Ингээд асуудал үндсэндээ нэг тийшээ шийдэгдсэн ч шинэ байранд тавих тоног төхөөрөмж, ширээ сандлаас эхлээд эд хөрөнгө шинээр авахад улсын төсвөөс сайдын багцад 1,2 тэрбум төгрөг суулгаж өгсөн байдаг. Энэ мөнгийг Батлан хамгаалах яам нэхэж, хоёр сайдын хооронд хэрүүлийн алим дэгдэв. Төсвийн тухай хуулийн дагуу ХЗЯ тайлант хугацааны санхүүгийн нэгтгэсэн тайлангаа Үндэсний аудитын газраар хянуулж баталгаажуулах ёстой атал мөнөөх мөнгөнөөс болж, хугацаанд нь эцэслэн гаргаж чадсангүй. Мөн өмнөх оны аудитаар тэрбум гаруй төгрөгийн баримтыг баталгаажуулах боломжгүй хэмээн үзжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ч хөрөнгө мөнгө завших явдал архагшсаны нэгээхэн жишээ нь Сэлэнгэ аймгийн ШШГА-ны ахлах ня-бо Б.Улам-Оргилын ХААН банкны 5675049872 тоот дансанд хуримтлагдсан 63 тэрбум гаруй төгрөгийг төлбөр хүлээн авагчид шилжүүлэлгүй, харин ч хүүг нь өөр хүний нэр дээрх Виза картаар дамжуулан авч байсан нь шалгалтаар илэрчээ. Нэг албан тушаалд удсан ажилтны “но” энэ мэтчилэн архагшсан нь цөөнгүй. Сарын өмнө урьдчилан хорих 461 дүгээр ангид гал гарч, дуучин Баавар боодог шиг болтлоо түлэгдсэнийг хэн бүхэн мэднэ. Гал ямар ч шалтгаанаар гарсан байлаа гэсэн гэмт хэрэг гарахаас таслан зогсоож хорьсон сэжигтэн ийнхүү түлэгдсэн нь бас л гэмт хэрэг мөн. Хорих газраас гурван ялтан оргож, гэмт этгээд цагдаагийн ажилтныг буудаж амь насыг нь хохироолоо.

Хэдэн жилийн өмнө хилийн цэргийн ангид хүн амины хэрэг гарахад эрхэм гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг огцрохыг хатуу шаардаж байсан билээ. Одоо бодоход Тэмүүжиний тэмүүлэл, Нямдоржийн нударга хоёрын аль аль нь хууль зүйн салбарт хэрэгтэй ч юм шиг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ТЕГ-ын дэд даргыг ажлаас халсан, зарим аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон зэрэг нь маргаан дагуулж, Үндсэн хуулийн цэцийн хаалга татаад байгаа. Хэрвээ энэ нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдвол салбарын сайдын эрх зүйн зөвлөгөө дутагдсаны шинж гэхээс өөр аргагүй. Заримдаа залуу сайдын тэмүүлэл хад мөргөөд буйгийн цаана архаг гаруудын далд эсэргүүцэл нуугдаад байна уу.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ