Энэ эмнэлгийн ашигтай газар, талбайг өмнөх удирдлагууд нь зарж, үрж дуусгажээ-

ЭХЭМҮТ-ийн барилгад капитал засвар хийх гэнэ. Тэр олон өвчтөнийг хаана, хэрхэн тараан байрлуулах бол гэсэн иргэдийн сонирхсон асуултад хариу авахаар тэднийхийг зорив. Төвийн захирлын томилгооны асуудлаас болоод удирдлагууд нь завгүй, яам тамгаар гүйдэлтэй байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн ажилтныг нь хүлээх зуураа энэ тэрийг ажин зосов. Хоёр эмч ийн ярилцана.
-Энэрэлийн учрыг олохгүй бол арай ч дэндлээ.
-Бараг хоёр сар хэвтчихэв үү?
-Хоёр сараар ч тогтохгүй байх. Ийм удаан хэвтүүлчихээд эмчилгээ огт хийгээгүй байхдаа яахав.
-Яг яасан хүүхэд вэ?
-Астма /мөгөөрсөн хоолойн багтраа/-тай гэсэн байх шүү.
-Хажууд нь гемодиализийн төв байдаг болохоор алдагдсан аммиакт хордоод уушигний тасгийн өвчтөнүүдийн эдгэрэлт тааруу байх шиг байна.
-Харин тийм ээ. Чи тасагтаа шилжүүлж аваад нэг арга бодооч.
-Тэгье. Өнөөдөр авчихъя. Хэдий хожуу ч гэсэн өвчтөндөө санаа тавьж байгаа хоёр эмчийн яриа дулаан сонсогдоно билээ. Ингээд хүлээсэн хүнтэйгээ уулзав. Түүнийг н.Надмид гэдэг юм байна. Насаараа энэ эмнэлэгт ажиллажээ.
Гандангийн хүүхдийн эмнэлэг гэж алдаршсан хоёр давхар цагаан байраа тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Л.Зориг, Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Зангад хоёрт хэрхэн дээрэмдүүлснээ ч он, сар, өдөртэй нь тод санан ярьж байлаа. “Нурж унах нь” гээд худалдчихсан/худалдаж авсан/ байр нь одоо ч хэвээр байх ажээ. Ер нь эл эмнэлгийн харьяа ашигтай газар, талбайг Ш.Энхтөрөөс өмнөх удирдлагууд нь зарж, идэж дуусгажээ.
Тэрбээр, бараг энэ эмнэлгийн амьд лавлах гэлтэй санагдсаныг нуух юун. Засварын талаар сонирхвол, “Энэ том эмнэлгийг хаагаад засах боломжгүй л дээ. Ядаж Нэгдүгээр амаржихын өргөтгөл ашиглалтад ороогүй байна шүү дээ. Тэр олон төрөх эмэгтэйг яах билээ.
Дотроо урсгал засвар хийж байна даа. Бид өөрийн гэсэн барилгын бригадтай. Тэд маань амжуулдаг юм. Манай барилга тийм ч хуучин биш учраас нэг их капитал засвар шаардагдахгүй. Харин дээврээ засуулахаар тендер зарласан. Хугацаа нь болоогүй байх шиг байна. Түүнийг сонссон иргэд ЭХЭМҮТ их засварт орох нь ээ гэсэн яриа гаргасан бололтой гэв.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ