Луйврын мөртэй МИАТ өрөө төлж дийлэх үү?

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан нөхдүүд өчигдөр шөнийн 01.00 цагийн үед АНУ-д “Боинг 767-300ER”шинэ онгоцоо хүлээж авчээ. Тиймээс МИАТ-ийнхан шинэ хөлгөө хүлээж авах гээд чухам хөл хөдөлгөөнтэй байгаа биз. Хөл хөөр болохоос ч яахав. Учир нь дандаа л энд тэнд тултал нь хөөргөчихсөн хуучин нойтон онгоцуудыг сэлбэж, тордож хэрэглэж ирсэн болохоор арга ч үгүй биз. Цаашлаад манай улс “Боинг 767-800” загварын хоёр онгоцыг 2016 оны нэг, хоёрдугаар улиралд багтаан авах талаар яригдаж байгаа нь, чихэнд чимэгтэй мэдээ. Гэхдээ эдгээр онгоцуудыг бондын мөнгөөр авч байгаа. Өдөр бүр хүү бодогдож байгаа их өрийн мөнгөөр онгоцтой болж байгааг шүүмжлэгсэд ч бий. Гэсэн ч нэгэнтээ шийдээд, эхнээсээ Улаанбаатарт буух нь. Тэгэхээр одоо МИАТ-ийнхан үйл ажиллагаагаа сайжруулж, нууж хааж идэж уудаг, шамшигдуулдаг байдалдаа цэг тавих ёстой гэсэн үг. Хэрэв өмнөх шигээ төрийн өмчийн компанийн орлого мөнгийг дундаа хийгээд найрлаад байдаг баларсан жишиг хадгалагдвал өрийн мөнгөөр олж ирсэн онгоцоор зардал сэлтээнөхөх нь байтугай дампуурсан юм болж таарна. Юун тэр бондын мөнгийг эргүүлж төлөх нь битгий хэл юм болно.
Тэгэхээр зөрчил дутагдал ихтэй МИАТ-ийнханд тэр болгоных нь талаар сануулж, шаардлага тавих ёстой юм. Тухайлбал, МИАТ ХК –ийн ачаа тээврийн үйл ажиллагаа /Cargo agent/-г гадаад улсад Бээжингээс эхлэлтэй аялалд Хятадын хөрөнгө оруулалттай 3, Монголын хөрөнгө оруулалттай 1 компани, Сөүлээс эхлэлтэй аялалдМонголын хөрөнгө оруулалттай 4 компани, Токиогоос эхлэлтэй аялалд японы 2 компани тус тус эрхлэн явуулж ирсэн. Тэдгээр компаниуд нь ачааны борлуулалтын агентийн гэрээг МИАТ ХК –ийн гүйцэтгэх захирал, маркетингийн албатай хийж, гэрээг дүгнэж ирсэн байдаг. Ачаа борлуулалтын агентууд нь борлуулсан ачааны төлбөр, ачааны тайланг төлөөлөгчийн газруудаар дамжуулан төв оффист хүргүүлдэгболовч ачаа тээврийн зуучлагч агентуудтай харьцаж ажиллах гэрээний болон бусад эрх зүйн зохицуулалт төлөөлөгчийн газруудад байхгүй байсан нь шалгалтаар тогтоогдсон байдаг юм.
Тус компани 2010 оны 01 дүгээр сарын 1-нээс 2011 оны 9 дүгээр сарын 30 хүртэл ачаа тээвэрлэлтээс нийт 3 430 013 470 төгрөгийн орлого оруулжээ. Энэ хугацаанд ачаа тээвэрлэлтийн Бээжингээс эхлэлттэй орлого 276 294 657 төгрөг, Сөүлээс эхлэлтэйорлого 2 734 022 957 төгрөг, Токиогоос эхлэлтэй орлого 521 413 178 байгаа бөгөөд үүнээс үзэхэд Сөүлээс эхлэлтэй орлого компанийн нийт ачаа тээврийнорлогын 70 гаруй хувийг эзэлж байгаа юм.
МИАТ ХК нь ачаа тээврийн үйлчилгээг Японы хотуудад АНА компаниар, Солонгосын хотуудад Корейн Эйр компаниар, Бээжин хотод Эйр Чайна компаниар “Газрын үйлчилгээний гэрээ”-ээр хийлгэхээр тус тус тусгажээ.
Гадаадын агаарын тээвэрлэгч нартай хийсэн “Газрын үйлчилгээний гэрээ”, Агентуудтай хийсэн борлуулалтын гэрээнээс үзэхэд МИАТ ХК ачаа тээврийн гол үүргийг гүйцэтгэж байгаа боловч Агентуудын борлуулалтын үнээс даруй хоёр дахин хямд тарифаар борлуулагч агентуудтай гэрээ хийсэн байдаг.Энэ нь нэг талаас МИАТ ХК зөвхөн Сөүлийн ачаа тээврийн орлогоос жилд дунджаар нэг тэрбум гаруй төгрөгийн орлого олох боломжийг алдаж байгааг илтгэж байгааг шалгалт хийсэн нөхдүүд салбарын яаманд уламжилсан байдаг.
Мөн шалгалтаар гадаад улсад байгаа Монголын хөрөнгө оруулалттай ачаа тээврийн агентууд нь ачааг хадгалах гаалийн баталгаат агуулах, агаараар аюултай ачаа тээвэрлэх болон олон улсын байгууллагаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан мэдлэг чадвартай боловсон хүчинтэй байх, эрсдлийг даах хөрөнгийн баталгаа боломжтой байх, татварт хамрагдах зэрэг тухайн улсын хууль, дүрмээр зохицуулагдах эрх зүйн зохицуулалтыг зөрчихөд хүргэж байгааг ч анхааруулсан байдаг.
Мөн гадаадаас эхлэлтэй зорчигчийн илүү тээшний орлого, илүү тээшний хэмжээтэйгээ тохирохгүй байгаа ба ялангуяа Сөүлээс эхлэлттэй нислэгээсилүү тээшний орлого их хэмжээгээр дутаж байгаа нь тогтоогдсон байдаг. Илүү тээшний үнэ өндөр байгаа нь одоогийн МИАТ ХК-ийн ачааны тарифтай уялдахгүйкомпанид ашиггүй байж болох талтай ба харин Ачааны агентуудад дэмжлэг болсон үнэлгээ гэдэг нь тогтоогдсон байгаа юм.
Тэгэхээр МИАТ-ийн удирдлагууд компанидаа алдагдалтай хэрнээ ачааны агентуудад дэмжлэг болсон үнэлгээг мөрдөөд байна гэдэг нь цаана нь хувь эрх ашигт үйлчилсэн нийцүүлсэн үйл ажиллагаа явагдаж ирснийг харуулж байна гэж үзэхэд ч болохгүй юмгүй байна.
МИАТ-ийн зөрчилтэй холбоотой мэдээллүүдийг хүргэх болно.
Б.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ