Тендерийн мөнгө завшсан Н.Түмэндэмбэрэлийн хэрэгт дахин нэг хүн саатууллаа

Тендерийн мөнгөнөөс нэг тэрбум гаруй төгрөг завшсан хэрэгт Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг саатуулан шалгаж байгаа. Н.Түмэндэмбэрэлийг ЭМЯ-аас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн “Лабтех" компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвөөс хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан хэрэгт буруутгаж буй.

Мөн уг хэрэгт дахин нэг хүн нэмж саатуулжээ. Тодруулбал, С.Батзоригийн эхнэр “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргалыг хэрэг дээр ажиллаж буй шинжээчидтэй уулзаж, тэдэнд нөлөөлөхийг оролдсон хэмэнэ саатуулсан байна. Харин Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэнг батлан даалтад гаргажээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд нь завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ