Анхны "Боинг"-оо хүлээн авлаа

Монголын агаарын тээврийн байгууллага анхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Боинг 767-300ER онгоцоо амжилттай газардууллаа. 2011 оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлах үеэр Боинг үйлдвэрээс гурван онгоц худалдан авах гэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээний дагуу өнөөдөр эхний онгоцоо АНУ-ын Сиэтл хот дахь Боингийн үйлдвэрээс МИАТ-ын нисгэгчид авчирлаа.
Онгоц хүлээж авах ёслолын ажиллагаа "Чингис хаан" олон улсын нисэх буудалд болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм.
Тус онгоц нь орчин үеийн бүхий л техник технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү баталгаатай хангасан бөгөөд бизнес ангиллын 25, энгийн 195 суудалтай. Энэ үеэр Зам, тээврийн сайд А.Гансүхээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Монгол Улс шинэ Боинг онгоцтой болж, түүхэнд тэмдэглүүштэй баяр болж байна?
-Анх удаагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Боинг онгоцтой боллоо. Энэ бол монголын агаарын тээврийн түүхэнд шинэ хуудас нээж байгаа юм. Тэр ч утгаараа дэлхийн ямар ч улс руу нислэг үйлдэх боломжтой болж байгаагаараа ихээхэн онцлогтой. 2016 оноос АНУ руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа.
-Эхний нислэг хаашаа вэ?
-Сөүлийн чиглэлд нисэхээр болсон.
-Энэхүү онгоцны нислэгийг нэмэгдэнэ гэж байсан?
-Тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.
-Онгоцны төлбөрийг хэзээ барагдуулах вэ?
-Ирэх арванхоёрдугаар сар хүртэл бүрэн барагдуулахаар төлөвлөөд байгаа. Харин үлдсэн хоёр онгоцыг 2016 онд авчрах төлөвлөгөөтэй байгаа.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ