Оюунлаг Монголын хүү Е.Төгстөмөр

Үгээр хэлж үзгээр бичихийн аргагүй бахархам амжилтыг долоохон настай Есөнтөмөрийн Төгстөмөр хүү үзүүлжээ.

Монгол хүний оюун ухааны гайхамшгийг долоон настай хүүийнхүү дахин дахин дэлхийд гайхуулж байна.

Е.Төгстөмөр хоёр настайгаасаа шатарт оюун ухаанаа уралдуулж эхэлсэн ба өнгөрсөн жил зургаатайдаа Азийн аваргын тэмцээнээс блиц, рапид, стандарт гурван төрөлд түрүүлж гурван хос алтан медаль зүүж байсан юм.

Тэр үедээ Е.Төгстөмөр сурвалжлагчдад “Тэмцээнд явахдаа би аавдаа аварга болно гэж амласан, хэлсэн амандаа хүрэлгүй аавыгаа гомдоосон болов уу” хэмээн даруухан өгүүлж байсан.

Мөн чиний мөрөөдөл юу вэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Дэлхийн аварга болох, дараа нь Каспаров шиг шатрын супер их мастер болох” хэмээж байсан.

Тэгвэл энэ удаа хүү нь аавдаа өгсөн амлалтаа биелүүлж, өөрийнхөө мөрөөдөлд ч нэг алхам ойртжээ.

Грекийн Халкидики хотын Порто Карраст энэ сарын 6-14-ний өдрүүдэд Сурагчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн явагдсан долоо хүртэлх насны ангилалд Е.Төгстөмөр нарын 48 бяцхан шатарчин өрсөлдсөн юм.

Тэмцээн эхлэхэд Е.Төгстөмөр маань чансаагаараа 48 шатарчнаас 45-д эрэмбэлэгджээ. Гэсэн ч есөн өрөг тоглосны эцэст монгол хөвгүүн 8.0 оноогоор тэргүүлж алтан медалийн болзол хангасан юм.

Биеийн хүчээр нэгийг дийлдэг, оюуны хүчээр мянгыг дийлдэг гэх их хааны үгийг бяцхан монгол хүү батлаж харууллаа.

Түүний урд амжилтын зам зурайж байна. Ирээдүйн Гарри Каспаров монголоос төрөх ч юм билүү.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ