Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газар, эрчим хүчний төрийн өмчит 22 компани, орон нутгийн өмчит 8 компани, Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхай, эрчим хүчний засвар, барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн 12 компанийн нийт 150 гаруй зочид төлөөлөгч оролцож, 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгосонтой холбогдуулан салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гол гол илтгэлүүдийг сонсч хэлэлцлээ.

Зөвлөгөөний эхэнд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” илтгэлдээ, шинэчлэлийн засгийн газраас юуны түрүүнд эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөх, шинээр барьж байгуулахад онцгой анхаарч байна.Дарханы дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөл,Улаанбаатарын IV цахилгаан станцыг 100 МВт-аар өргөтгөх, Амгалангийн 348 МВт чадалтай дулааны эх үүсвэр барих ажлыг эхлээд байна. Түүнчлэн бүс нутгийн болон уул уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор Мөрөн-Тэлмэн-Улиастайн 110кВ-ын, Мандалговь-Тавантолгойн 220 кВ-ын, БНХАУ-аас Оюу толгойн уурхайг хангах 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг ашиглалтанд орууллаа. Улаанбаатар хотын V цахилгаан станцын байршлыг өөрчлөн гүйцэтгэгчийг шалгаруулах, түүний дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгүүдийг томилон ажилуулахын зэрэгцээ Улаанбаатарын III цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөх, Таван толгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх талаар бодлогын шийдвэр гараад байна. Манай орны хувьд анхны том чадлын салхин парк болох Салхит уулын салхин станц 2013 онд ашиглалтад орох гэж байгаа нь сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих томоохон арга хэмжээний нэг болж байна” гээд “Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн450 МВтхүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барихад Чингис бондоос 50 сая ам доллар зарцуулах шийдвэр гарсан. Энэ төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдан ажиллаж байна. Мөн бүс нутгуудад баруун бүсийн, Дорнодын, Багануурын, Шивээ-Овоогийн цахилгаан станцууд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдахаар төлөвлөгдөж байгаа Цайдам нуур, Бөөрөлжүүт, Чандганын станцууд эдгээрийг холбосон Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын хоёр хэлхээт, Чойр-Сайншанд-Замын Үүдийн 220 кВ-ын, Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 220 кВ-ынцахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барих ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэв.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны С.Отгонбаяр “Эрчим хүчний үнэ тарифын бодлого, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын одоогийн үнэ тариф, хэтийн төлөв”, ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын үр өгөөж, гарч буй зөрчил, компаниудын зардал хэмнэх боломж” зэрэг илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.

Эрчим хүчний салбарын удирдах ажилтны 2013 оны зөвлөгөөнөөр салбарын одоогийн байдал, хөрөнгө оруулалт түүний үр ашиг, салбарын бодлогын талаар авч хэлэлцээд шинэчлэлийн Засгийн газрын бодлого, хөтөлбөртэй уялдуулан эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа, төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлого чиглэлийгтодорхойлсон зөвлөмж гаргав.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ