Б.Лхамсүрэн оюуны тэрбумтан болох замаа нээлээ

Сансарт ниссэн, Олимпод аваргалсан, Эверестэд гарсан амжилтаараа бид хэнээс ч хоцроогүй. Нобель, Оскар хоёр л үлдээд байв. Оскар ч яахав, хэн нэгэн, хэзээ нэг цагт авчих шагнал юм. Тийм ч холын “гэрэл” биш. Харин Нобель л харь гариг шиг холын хол байлаа. Тэгтэл хүрээд ирдэг юм байжээ. Монгол эрдэмтэн Лхамсүрэнгийн Баяржаргалын оролцсон баг Очир эрдэнэ /алмаз/ хиймлээр гаргаж авсан нь дэлхийг шуугиулж байна. Европыг бүр алмайруулж орхижээ. Ямар сайндаа л, охид, бүсгүйчүүдийнх нь мөрөөдлийн хан хүү болчихов. Гэртээ алмазан гоёл хийгээд өгчих нөхөртэй байвал энэ хүүхнүүдэд хорвоогоос өөр юу хэрэгтэй билээ гэсэн ёж санаа л даа. Хүн төрөлхтөн эл гайхамшигт чулууг гарган авах аргын эрэлд жаран жил хатаж явсны хэргийг жирийн нэгэн монгол эрдэмтэн олчихно гэж хэн санах билээ. Алмаз хэрхэн гаргаж авсныг нь бид тухайн үед тодорхой мэдээлсэн тул нуршаад яахав. Ач холбогдол, үр дүнг нь ярьцгаавал харин сонин байх.

Европ даяар шуугиж байгаагаас үзвэл дэлхийн шинжлэх ухаанд даацтай, үнэтэй нээлт болжээ. Энэ чиглэлийн эрдэмтэд, байгууллагынхны үзэж байгаагаар химийн шинжлэх ухааны энэ оны Нобелийн шагналын болзлыг бүрэн хангасан юм байх. Мөн сайхан аа. Шведийн Эзэн хаанаас гарддаг эл шагналыг сая гаруй ам. доллар дагалддаг билээ. Түүнийг ч яахав, багаараа хувааж авна. Харин патент нь тэдний нэр дээр үлдэх учир цаашид үйлдвэрлэсэн алмазын орлого болгоноос хувь хүртэх нь гарцаагүй. Тэгэхээр ёстой юун сая ам.доллар. Тэрбумаар л ярина биз дээ. Монголын өнөөгийн тэргүүн баян “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн насны орлого ч түүний дэргэд хэтэвчний мөнгө болно гэсэн үг. За, мөнгө ч яах вэ гэе. Монголчуудын оюуны чадавхи дэлхийд тэргүүлэх нь чухал юм. Энэ оны Нобелийн шагналыг тэсэн ядан хүлээх үлдлээ, монголчууд аа.
Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ