Оюутнууд сайн үйлс хийснээ танилцуулна

Швейцарийн хөгжлийн агентлаг Зориг сантай хамтран сурлагаараа тэргүүлэгч, бага орлоготой өрхийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөр найм дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрийн үр шимийг өөрсдөө хүртээд зогсохгүй эргээд нийгэмд тустай төсөл санаачлан хэрэгжүүлдгээрээ онцлогтой юм. 2012-2013 оны хичээлийн жилд тэтгэлэг хүртсэн 70 оюутан 10 багт хуваагдан төсөл амжилтай хэрэгжүүлж дуусаад байна.Тухайлбал, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн сурагчдын дотуур байранд ном цуглуулж, мөн тусгай булан байгуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 25-р сургуульд хичээлийн хэрэгсэл, ном бэлэглэсэн, тархины саажилттай хүүхдүүдийн 10-р цэцэрлэгт ном бэлэглэж, шатар даам заасан, нийслэлийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтнуудад тусалсан, хотын захын гэр хорооллын иргэдэд хэрэгцээ шаардлагатай мэдээлэл түгээх, цусаа хандивлахад оюутан залуусыг уриалах зэрэг нийгмийн хөгжлийн олон төслийг оюутнууд өөрсдөө санаачлан хэрэгжүүлээд байна. Зөвхөн нийгэмд тустай энэ төслүүдийг өрнүүлж бусдад туслаад зогсохгүй энэ хугацаанд өөрсдөө сурсан мэдсэн зүйлээ, мөн төслийн үр дүнгээ танилцуулах болно. Оюутнууд хэрэгжүүлсэн төслөө Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг санд тайлагнаж танилцуулах үйл явц өнөөдөр 14:00-17:00 цагт Швейцарийн хөгжлийн агентлагийн байранд болно.

Б.Цэлмэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ