К.Сайраан сайдын биеийн байдлаас шалтгаалж шалгах эсэхийг шийднэ

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Сайрааныг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ТЕГ шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн.
Энэ талаар ТЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Шалгана. Гэхдээ К.Сайраан сайд бие нь тааруу. Гадаадад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Тиймээс түүнийг шалгах асуудлыг түр түдгэлзүүлээд байсан. Гэсэн ч өнгөрсөн амралтын өдөр эх орондоо ирсэн тул шалгах ажиллагаа албан ёсоор эхлэх ёстой. Гэхдээ биеийн байдал нь муу байгаа учраас биеийн байдлыг нь харгалзан үзнэ.” гэлээ.
Өнгөрсөн жил түүнийг Казахстаны нууц тагнуул байж болзошгүй гэх гадаадын хэвлэлийн мэдээллийг үндэслэн шуугисан. Тухайн үед Кувейтэд Элчин сайд байсан тэрбээр энэ мэдээллийг няцааж, огт үндэслэлгүй хэмээн мэдэгдэж байв. Гэвч ТЕГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл буюу “Эх орноосоо урвасан” гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг албаны эх сурвалж нотоллоо.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ