“Кока-кола” үйлдвэрийнхээ цэвэрлэсэн усаар ногоон байгууламжаа усална

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бохирдуулагч эх үүсвэрүүдийг ялангуяа технологийн чиглэлээр бохирдуулж байгаа үйлдвэр аж ахуй нэгжүүдэд өнгөрөгч хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд шалгалт хийсэн. Шалгалтаар Кока- кола үйлдвэрээс бусад нь өөрийн цэвэрлэх байгууламжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Цэвэрлэх байгууламжийн асуудлаа шийдвэрлэсэн “Кока-кола” үйлдвэрийн ажилтай нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүс танилцлаа. Тус үйлдвэр нь нийгмийн өмнө хүлээх үүргийнхээ дагуу 2009 онд ашиглалтад орохдоо 1,9 сая ам.доллараар цэвэрлэх байгууламжийг бүтээн босгожээ. Энэ байгууламж өдөрт 800-1000 тн усыг байгальд шууд асгаж болох түвшинд цэвэршүүлдэг ч түүнийгээ нэгдсэн бохирын шугам руу шууд шахдаг байна. Харин хот тохижилтынхон нийслэлийн мод бутыг гүний цэвэр усаар усалдаг тул энэ байдлыг халж, тэдний цэвэрлэсэн саарал усаар ногоон байгууламжаа усалдаг болохоор хамтран ажиллах санал тавьжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ