Барилдацгаа бүсгүйчүүд ээ, яадгийм

Наадмаар сур харваж, морь уяж болсон юм, энэ бүсгүйчүүд барилдаж яагаад болохгүй гэж?
Бөхийн өмсгөл хэрхэн энгэр задгай болсон тухай домог ч буй. Бяртай, барилддаг бүсгүйчүүд урьд байсан мэдээ сэлт ганц бишийг эрхбиш сонссон биз дээ. “Хулгар” Нацагтай хонь булаацалдаад ханцуйг нь хуу татаад хоцорч байсан хүүхний тухай одоо ч ярьдаг.
Бүсгүйчүүд барилдсан албан ёсны баримт ч бий гэх юм билээ. Бөх судлаачид, ахмад бөхчүүд, өвгөд мэднэ дээ. Бөх бол зөвхөн эр хүний спорт бишийг дэлхийн жишиг нотолдог биш үү?. Бөхийн олон төрлөөр, сонгомол, чөлөөт, самба, жүдо, курашаар тэд хичээллэж, олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулж л байна шүү дээ.
Хэдхэн хоногийн өмнө хүүхнүүдийн чөлөөт бөхийн “Монголиан опен” олон улсын тэмцээн Улаанбаатарт болсныг арай мартчихаагүй байлтай. Сайхан л барилдаж байна лээ. Тэдний барилдахыг хэн ч хориогүй, хорих ч үгүй. Хүний эрхийн талаасаа ч тэр. Бид их хачин улс юм. Хэт туйлширдаг өвчтэй.
Монголын эмэгтэйчүүдийн бөхийн “Сарны гэрэл” холбоо байгуулагдаж, тэргүүн нь болох С.Надмид мэдээлэл хийснээр маргаан дэгдээх болов. Эмэгтэйчүүд барилдах нь ёс заншилд халтай юм байх. Хэнээс ийм санаа гардаг байна аа. Ямар лалын шашинтнууд биш дээ.
Үүнд эмзэглэж, нэг их талцаж, маргах хэрэггүй. Зүй ёсны үзэгдэл жамаараа л явдаг юм хойно доо. Хорьсон ч, эс хорьсон ч тэд барилдахдаа л барилдана. Одоохондоо бөхийн бусад төрлөөр хичээллэдэг охид, бүсгүйчүүд барилдаж л байг.
Яваандаа тэлээд, өргөжөөд ирэхээр нь нийтийнх болгочихъё. Олон улсын болгосон ч яадаг юм. Тэгээд ёстой тэр Гиннесийн ном, энэ тэрд бичүүлээд авахгүй юу. Тэгэхэд хүрээд хүн дутвал манай охид, бүсгүйчүүд бүгд босоод зодоглочихно гэдгийг барьсан ч алдахгүй. Тэдэнд тэр дайны цөс, зориг бий. Барилдацгаа бүсгүйчүүдээ, яадгийм.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ