Төөрсөөр төрөлдөө


Тэртээ 70 сая жилийн өмнө Төв Азийн цээжинд амьдарч, Монголын говьд ясаа тавьсан Тираннозавр Батаар төөрсөөр төрөлх нутагтаа өнөөдөр БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компанийн онгоцоор ирж байна. Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг болгосноор Монгол Батаарын өдөр. Хэдийгээр арваад жилийн өмнө үлэг гүрвэлийн хулгайчдын гараар тив алгасч, будант Албионы арлаар дамжин Америкийн эрэгт хүрсэн Тираннозавр Батаарын араг яс даяаршсан ертөнцөд Монгол Улсын нэгэн нэрийн хуудас болж чадсан.
Түүнийг өлгий нутагтаа эргэн ирэхэд Монгол Улсын төрийн тэргүүнээс эхлээд гадаад орнуудын сайн санаат хуульч, палеонтологичдын хувь нэмэр ихээхэн байлаа. Монгол, Америкийн хооронд хамтын ажиллагааны шинэ хуудас нээснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд болсон ёслолын ажиллагаан дээр хэлэхдээ, бид дэлхий дахинд алдагдсан соёлын үнэт өв, дурсгалуудыг хууль ёсны дагуу эргүүлэн авах боломжийг харуулж чадлаа. Бид шударгаар хамтран ажиллаж чадвал бүх л худал хуурмаг, хууль бус зүйлсийг сөрж чадна гэдгийг харууллаа. Ингэснээрээ олон улсад ч сайн үлгэр дууриал үзүүллээ гэсэн юм.
Өнөөдрөөс эхлэн Тиранннозавр Батаар эх нутагтаа эрт галвын түүхийг өгүүлэн байх болно. Tyrannosaurus bataar буюу Тиранозаврус Батаар (Тарбозавр)-ыг монголчууд төдийгүй дэлхий дахин Тираннозавр Батаар нэрээр андахгүй мэдэх болов. Энэ бол зургаан метрийн өндөртэй үлэг гүрвэлийн гар болон хүзүүний яс нь дутуу, цэвэрлээгүй араг яс юм. Зөвхөн Монголоос олддог Тарбозавр батаар бөгөөд гарынх нь яс л жижиг байдаг. Тираннозавр батаарын хамгийн үнэ цэнэтэй хэсгүүд болох гавал, сээр нуруу, сүүл, хойд хөлний яс нь бүтнээрээ тул нэн ховор, хосгүй үнэтэй цуглуулгад тооцогдоно. Тираннозавр Батаар наснаасаа хамааран өөр өөр урттай байдаг аж. Түүний урт зургаан метр тул залуу үлэг гүрвэл байх магадлалтай.
Түүх сөхвөл 1920-оод онд АНУ-ын Рой Чапман Эндрюсийн экспедиц анх Монголоос үлэг гүрвэлийн өндөг олсноор энэ аварга амьтан өндөглөдөг байжээ гэсэн нээлтийг шинжлэх ухаанд хийжээ. Түүнээс хойш Хятад, Энэтхэг, АНУ, Африк, Европын зарим орноос ийм өндөг олдсон байна. Монголоос олдсон чулуужсан өндгүүд шавраасаа шалтгаалан олон янзын өнгөтэй байдаг агаад ямар үлэг гүрвэлийнх гэдгээсээ хамаарч өөр өөр хэлбэртэй байдаг.
Гадаадын палеонтологийн нэгэн сайтад тэмдэглэснээр, Тиранозавр бол манай дэлхий дээр амьдарч байсан хамгийн том араатан амьтан. Түүний өндөр таван метр, урт нь 10 метр агаад 10 тонн жинтэй. Тиранозаврын бүтэн метр урт эрүү аманд хутга мэт хурц хэдэн зуун шүд ярзайж байдаг. Хурц шүдээрээ аварга зааны гэдсийг хүү татаж, хамар дээрээ эвэртэй хирсийг өөрийн үүр уурхайдаа өлхөн чирж аваачдаг. Бас хойд хөл дээрээ маш хурдан гүйнэ. Тиранозаврын тавхайн урт 76 см, өргөн нь түүнээс ч илүү бараг 80 см-т хүрнэ. Энэ аварга хөлөөрөө дөрвөн метр урт алхдаг гээд бодчих. Тиранозаврыг гарч ирэхэд манай гаригийн эртний амьтад бүгдээрээ дагжин чичирдэг байсан гэжээ.
Төөрсөн Тираннозавр Батаар төрөлх газар шороондоо бүр олуулаа болон ирж байна. Түүнийг дуудлага худалдаагаар зарахаар завдсан хэрэгт буруутгагдсан үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопийн хамтрагч Английн иргэн Кристофер Моор өөрийн эзэмшилд байгаа үлэг гүрвэлийн 17 багц олдворыг Монгол Улсад шилжүүлэн өгөхөөр болсон юм. Тэдгээрийн дотор гурван ширхэг жижиг гүрвэлийн цэвэрлээгүй, чулуужсан араг яс онцгой сонирхол татна. Магадгүй шинжлэх ухааны шинэ мэдээлэл агуулж байх магадлалтай үнэ цэнэтэй олдвор хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ерөнхийд нь жижиг үлэг гүрвэлийг гүрвэл гэх боловч дэлхийд алдартай жижиг үлэг гүрвэлүүд олон байдаг аж. Тэдгээрийн нэг нь Монголоос хараахан олдоогүй ч Хятадаас олдож шуугиан тариадбайгаа өдтэй гүрвэлүүд юм байна. Түүнийг шувууны анхдагч зүйл байсан гэдгээрээ шинжлэх ухааны хамгийн сонирхолтой олдворт тооцогдоно. Иймээс Тираннозавр Батаарын хамт Монголд хөл төвих энэхүү гурван жижиг гүрвэлийг манай эрдэмтэд судалж, ямар зүйл болохыг нь тогтоохыг дэлхий нийт хүлээж байна.
Тираннозавр Батаарын араг ясны дуудлага худалдааны талаар анх хэл дуулгасан палеонтологич М.Болорцэцэг “Тарбозавр Батаарыг Монголд авчирснаар бид үлэг гүрвэлийн музейтэй болж, залуу үеийн сонирхлыг татан, палентологичдын шинэ давалгаа бий болно” гэв. Триннозавр Батаар бол Монголын үлэг гүрвэлийн музейн анхны үзмэр байх болно. Тэр бол харьд очоод Монголдоо эргэн ирж буй анхны соёлын үнэт олдвор билээ.
Төөрсөөр төрлөө олсон Триннозавр Батаар эх нутагтаа тавтай морил.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ