Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Жил бүрийн тавдугаар дугаар сарын 17-ны өдрийг дэлхий даяар “International day against homophobia and transphobia (IDAHO) буюу “Гомофоби, трансфоби”-н, өөрөөр хэлбэл бэлгийн чиг баримжаа өөр/гей, лесби зэрэг хүмүүсээс ялгаварлан гадуурхахын эсрэг олон улсын өдөр болгон 2004 оноос хойш тэмдэглэсээр иржээ. Тухайлбал, лесби, гей, бисексуаль, трансжендэр (ЛГБТ) хүмүүсийг үзэн ядах, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхахын эсрэг олон улсын өдөр бөгөөд бэлгийн чиг баримжаа, хүйсийн ялгааг үл харгалзан бүх хүний эрхийг хангах, хамгаалах, дэмжих болон ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг эцэслэн зогсоохыг уриалж, дэлхийн улс орны сая сая хүмүүсийг нэгтгэдгээрээ онцлог юм байна.

Монголын “ЛГБТ” ТББ энэ өдрийг албан ёсоор 2011 оноос эхлэн тэмдэглэжээ. Энэ жилийн хувьд “ЛГБТ”, Залуус эрүүл мэнд төв, Оюуны дархлаа ТББ болон Монгол дахь НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр хамтран сүүлийн жилүүдэд ЛГБТ эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хэрхэн хандуулж байгаа тухай мэдээллээ. Жишээлбэл, “ЛГБТ”-ийн Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч хийсэн “Монгол дахь ЛГБТ эрхийн хэрэгжилт” судалгаа болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын дэмжлэгтэй, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр Жонс Хопкинс их сургуультай хамтран явуулсан эрчүүдтэй бэлгийн харьталд ордог эрчүүдийн ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэл, тусламж үйлчилгээний хүртээмж, хүний эрхийн асуудлыг судалсан нэг агшны судалгааны үр дүнг танилцуулж, дараагийн хоёр жилд хэрэгжүүлэх Европын холбооны төслийн талаар товч мэдээлэв. “Рейнбоу флашмоб” арга хэмжээг Монголд анх удаа Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Дэлхий даяар болж буй “Солонгын флашмоб”-той Монголын ЛГБТ олон нийт мөр зэрэгцэн дуу хоолойгоороо төдийгүй үйл хөдлөлөөрөө нэгдэж энэ өдрийг тэмдэглэлээ гэсэн үг юм. Эл ажиллагаанд “ЛГБТ” болон дэмжигч байгууллагуудын төлөөлөл, найз нөхөд нь өргөнөөр оролцжээ.
-Цаашид бид бүхэн жил бүрийн тавдугаар сарын 17-нд “IDAHO Mongolia” арга хэмжээг зохион байгуулж, бэлгийн цөөнхийн эрхийг хамгаална хэмээн “ЛГБТ”-ийн захирал Ц.Отгонбаатар хэллээ.
П.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ