ШӨХТГ-аас Мобикомд шаардлага хүргүүлжээ

ШӨХТГ-аас Мобиком корпораци ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргажээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчил, дутагдал илэрсэн байна. Тухайлбал,
-Үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг. Гэтэл хэрэглэгч утсаа ашиглаагүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүй гаргасан. Уг шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ.
-Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Тухайлбал, хэрэглээ нь 300 мянган төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг.
-Компанийн сүлжээний тасалдал, доголдолын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх тухай гэрээнд заасан нь Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн. Мөн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэж заасан нь гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан.
Хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон дээрх зөрчлүүдээ арилгахыг Мобиком корпораци ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож хэрэглэгчдийг хохиролгүй болгохоор ажиллаж байгаа юм байна. Ингэхдээ хохирсон иргэдийн хохирлыг бүрэн төлүүлэх, хууль бус гэрээний заалтуудыг цуцлах шаардлагыг “Мобиком корпораци” ХХК-д хүргүүлээд байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ