Нэгдсэн онолыг “Э” гэх монгол хүн нээнэ гэж Нострадамус айлджээ

Чингис хааны хөшөөг Москвад босгох тухай оросууд ид шуугиж байгааг дуулгангаа 40 мянган төгрөгийн тасалбартай лекцээ унших эрхмийг судлаач, сэтгүүлч Ч.Эрдэнэ гэдэг юм байна. Такс нь үнэтэй ч, сонирхогчид Чингис хаан зочид буудлын танхим дүүргэсэн нь лекц онц сонирхолтойн шинж биз. Монгол хүн бүр нэг сонсчихоосой гэх бодол төрснийг нуух юун. Оросууд яахаараа гэнэт Чингисийг өргөмжлөөд эхлэв гэдэг нь сонин байв. Тэгэхнээ, тэд түүхээ шинээр буюу үнэнээр нь харжээ. Алтан ордны улсыг Их хаан маань төвшитгөсөн нь өнөөгийн Орос улс бий болохын үндэс байсан юм байх. Тэгээд л гэнэт ухаарахгүй юу. Монголын Чингис байгаагүй бол Мушгиа /Москва/ голын эрэгт Москва хот босохгүйг ойлгосон хэрэг. Нострадамусын мянган зөгнөлд Монголын талаар өдрийн од мэт дурдагддагийн нэгд нь “Ертөнцийн суурь онол”-ыг “Э”-гээр эхэлсэн нэртэй жүүд /монгол/ хүн шинэ мянганы босгон дээр нээнэ гэсэн нь энэхүү лекц айлдагч Ч.Эрдэнэ болохыг “IQ” төвийн тэргүүн, доктор Б.Дэмбэрэл батлан ярив. Зохиогч ч тийм тал буйг нотоллоо.

Чухам ямар онол нээчихээд байгааг нь тоймлон хүргэе. Шинжлэх ухаанд гарсан бүхий л онол, хууль өнөөдөр гацаанд оржээ. Хүн төрөлхтөн компьютер, гар утаснаас нарийн юм бүтээх боломжгүй болсон. Бага зэрэг нарийсгах л байх. Энэ чигээрээ байвал харин ч “Глобал сүйрэл”-д хүрч мэдэх бололтой. Супер нэгдлийн онолыг л нээчихвэл энэ бүхнээс гарч болохыг судлаач хэлж байлаа. Түүнийгээ ч олжээ. Эртнийхээс авахуулаад өнөөгийн мэргэд ч энэ талаар ихэд дурсчээ. Тухайлбал, эртний Грегийн гүн ухаантан Платон “Геометр мэддэггүй хүн над дээр бүү ир” гэжээ. Ер нь Эвклидийн геометрийг анхны суурь онол гэдэг ажээ. Пифагор “Ертөнцийн бүх юмс тоо” гэсэн нь ихэд дөхсөнийг эрдэмтэн ярив. Ингэж явсаар И.Ньютон, А.Эйнштейн дээр ирээд шинжлэх ухаан бараг оргилдоо хүрчээ. А.Эйнштейн амьсгаа хураахынхаа өмнөхөн “Ертөнцийн гарал үүслийг нэгдсэн онолоор л тайлбарлана. Бусад онол, хуулиуд жижиг, сажиг зүйлс” хэмээжээ. Дэлхийг, бүхнийг бурхан бүтээсэн гэх Хиристийн шашинд бүтээгч нь горьтог, шугамаар хэмжилт хийж байдаг нь ч тохиолдлын зүйл биш гэх.

Судлаач, сэтгүүлч Ч.Эрдэнэ амьдралынхаа 50 жилийг зольж байж, онолоо цэгцэлжээ. Томьёолбол, математик цэг гэдэг ойлголт физик цэгтэй хоршин давхцах үед ертөнц яаж үүссэнийг бид хэмжиж чадна. Огторгуй, цаг хугацаа огтлолцоно. Ингээд, огторгуй- цаг хугацаа, огторгуй- цаг хугацаа гэх нэг нь байхад, нөгөө нь орших мөнхийн хосмолжин /хөдөлгөөн/ үүсэх юм байна. Түүнийг хэмжихэд, Q3,i1=5,3 гэсэн төгсгөлгүй тоо гарахыг л манай хүн олчихож. Энэхүү онолын баталгаа болох, товхимлыг АНУ-д хэвлэхээр болсныг зохиогч ярилаа.

Энэ нь шинжлэх ухаанд гарсан “Супер нэгдлийн онол”-ыг дэлхийд зарласан хэрэг болох нь ээ. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрвөл, бүхний эхлэлийг монголчууд тавьснаар бидний оюуны ноёрхол тогтох юм байна. Их хувь заяа биднийг хүлээж байна даа.
Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ