Дэлхийд монголчуудын цаг иржээ

Ойрын өдрүүдэд нийгмийг цочроосон элдэв муу мэдээ гарсаар байгаа ч өнгөрч буй долоо хоногт дэлхийн сонорт дуурсагдсан монголчуудын маань бахдам амжилтаар дүүрэн сайн мэдээ тасарсангүй.
Нэг л өглөө сэрэхэд долоохон настай монгол хүү шатрын дэлхийн аварга болж олон олон монголчуудад бахархал, омогшлын сайн цагийг нээж өгөв.
Грект болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд аваргалсан Е.Төгстөмөр хүүгийн амжилт үнэхээр бахдмаар. Аливаа спортоор хичээллэж буй хэн нэгний хувьд дэлхийд аваргална гэдэг тэр бүр гаргадаг амжилт биш. Хоёрхон сая монголчуудынхаа дундаас төрөн гарч олон зуун сая, тэрбум хүн амтай улс орнуудаас илүүрхэж дэлхийд тэргүүлнэ гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй, ховорхон хувь заяа.
Тэр дундаас бүр ухаж үзвэл хөлс хүчээ шавхаж, хурдаа үзээд өрсөлдөгчөө ялан дийлж түрүүлэхээс манай гаригийн хамгийн агуу гайхамшиг болох оюун ухаанаар оюун ухаантай өрсөлдөж дэлхийд аваргална гэдэг бүр ч хэцүү, бүр ч том амжилт.
Тиймээс Е.Төгстөмөр хүүгийн амжилтыг дахин дахин дурдаж, бахдан сайшаахаас гадна хүүгийн ард уйгагүй хөдөлмөрлөж амжилтад хүргэсэн аав Есөнтөмөр, ээж болох шатрын их мастер Батцэцэг, багш нарт нь монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлж байна.
Газрын дундад тэнгисийн эрэгт Төгсөө хүү оюун ухаанаа уралдуулж суухад түүнээс цаахна төв Европын Майн голын эрэгт Франкфуртын их сургуулийн эрдэмтэн Б.Лхамсүрэн хүн төрөлхтөний өнө эртний хүслийг гартаа оруулчихсан, шуугиулж байна.
Эртний алхимичдээс өнөөгийн шинжлэх ухааны эрдэмтэн мэргэдийг хүртэл очир алмазыг бүтээх нь мөрөөдөл байлаа. Тэгвэл монгол хүний оюун ухаан энэ мөрөөдлийг бүтээж дэлхий дахиныг шуугиулж байна. Б.Лхамсүрэнгийн удирдсан эрдэмтдийн баг хамгийн хатуу шинж чанартай, хамгийн үнэтэй чулууг бүтээх аргыг нээснээрэнэ оны сүүлээр олгох Нобелийн шагналыг авах нь тодорхой боллоо хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичсээр.
Алмаз чулууг бүтээх технологийг эзэмших Б.Лхамсүрэн Билл Гейтс, талийгаач Стив Жобс нартай адил оюун ухаанаараа тэрбумтны эгнээнд орох цаг удахгүй биз ээ.
Яг жилийн өмнөхөн зөвхөн Монголын говиос олддог үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар хар гартнууд хил давуулж алсын Америкт зарж үрэх гэж байхад нь монголчууд мэдэж зогсоосон. Монгол Улсын Ерөнхийлөгч нь өөрийн биеэр Америкийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ерөнхийлөгчийн тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, өв соёл, түүхийн үнэт олдворуудаа нандигнан хайрладаг монгол хүн бүхэн, сайн санаат харийнхны тусламжтайгаар Монгол Батаараа эргүүлэн авч чадлаа.
Үүнээс сайн мэдээ гэж юу байх вэ. Монголчууд, Монгол төр түүхийн эд ховор олдворуудаа хар мөртнүүдээс хамгаалж чаддаг гэдгээ харуулж, цаагуураа эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд эерэгээр өргөж байна. Эртний үлэг гүрвэлийн галвын үеийн олдворууд дэлхий дээр Монголын говиос л хамгийн их олддог. Тэгвэл энэ олдворууд хууль бусаар хил давж гадны хөрөнгөтнүүдийн үзмэр зугаа төдийхөн байхаа больж буйг Батаар тунхаглалаа.
Мөн МИАТ-ийн гэх тодотголтой хэргээр цоллуулахаас өөргүй болсон нисэхийн салбараас сайн мэдээ сонсогдож монголчууд түүхэндээ анх удаа өөрийн гэсэн цасан цагаан Боингтой болж, дээр доргүй хөл алдан баярлалдав.
Манай улсын спортын түүхэнд гаргаж байгаагүй амжилтыг ч эмэгтэйчүүд маань гаргаж бид бүхнээ баярлууллаа. Эмэгтэй сагсан бөмбөгчдийн баг Азийн аваргад оролцон улмаар Энэтхэгийн шигшээд цөөн тооны зөрүүгээр хожигдож мөнгөн медаль хүртсэн нь түүхэн амжилт болоод зогсохгүй багийн спортоор гавидаггүй гэх бидний ойлголтыг өөрчиллөө.
Ти Батаарыг угтах үед хэвлэлийнхний өмнө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан “Сайн цаг ирж байна” хэмээн хэлсэн юм. Үнэхээр ч дэлхийд монголчуудын цаг ирж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ