Айл өрхүүдэд “200”-ын торх, тэрэг тараахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотоос жилд 500-600 тонн хог гардаг бөгөөд өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдээс гарах үнс нийт хогийн 60 орчим хувийг эзэлдэг байна. Тиймээс хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлтийн шинэ менежментийн дагуу гэр хорооллын айл өрхүүдэд “200”-ын бочик, тэрэгний хамт тарааж үнсийг нэг хэлбэрээр тээвэрлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох, ил задгай хог хаяулахгүй байх зорилгоор хог хаягдлын зориулалтын уутыг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад тараах худалдах ажлыг зохион байгуулах нь үр дүнтэй гэж үзжээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газар айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад хог хаягдлын зориулалтын уутыг тараах ажлыг удирдан зохион байгуулах бөгөөд мөн хэрэгжилтэд хяналт тавихаар шинэ менежментэд тусгасан байна. Айл өрхүүдэд хог хаягдал хийх уутыг үнэгүй тараах бөгөөд энэхүү уут нь гэр хороолол болон зуслангийн айл өрхөд 80*60 см, орон сууцны айл өрхөд 40*60 см хэмжээтэй байхаар төлөвлөөд байгаа юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ