Хандмаа Н.Гантөмөр: Сексийг 20 жил огоорсон...


-Хийдийн газар маань ороолонтой байснаас номын хүчээр дарсан даа-
Хандмаа нар гэрлэдэггүй гэнэ. Сексгүй яаж амьдардаг юм бол? Эрүүл хүмүүс лав биш ээ. Эдгээр нь иргэдийн дунд байдаг явган яриа юм. Шинжлэх ухааныхан, хүн нойргүйгээр гурав, ундгүйгээр долоон хоног, сексгүйгээр хэдэн сараас илүү тэсэхгүй гэжээ. Эдгээрийг тодруулахаас гадна, ер нь хандмаа гэж хэн бэ гэдгийг уншигчдадаа хүргэхийн тулд “Төгсбаясгалант” хийдийн тэргүүн, хандмаа Н.Гантөмөртэй уулзлаа. Тэрбээр эмнэлгээс өчигдөрхөн гарсан, бие чилээрхүү байсан тул удаан чилээхгүйг хичээснээ хэлэх нь зөв байх. Гэхдээ л бурханлаг хүмүүс бусдын тусын тулд буйд бүхнээ зориулдаг учраас олсон боломжоо ашиглан цөөн асуултад хариу авлаа.
-Хандмаа нарыг хүмүүс эмэгтэй лам гэдэг. Энэ зөв үү?
-Иргэдийн ойлголт тэр л дээ. Журмаараа бол номын авшиг авсан эмэгтэйг хэлнэ гэдэг юм. Бурхны номд нэвтэрсэн бүсгүй гэсэн ч болно. Шашны Ханд урсгалыг дагагсад ч гэх нь бий. Номтой нь холбож ойлгосон нь дээр байх аа.
-Би ч энэ талаар ойлголт маруухан болохоор өөрийн эрхгүй ламтай жишчих гээд байх юм. Ажлын чиг нь юу вэ?
-Номонд нэвтэрсэн улсын ажлын чиг нь ном байлгүй яахав. Бурхны ном уншина, айлдана, түүгээр дамжуулаад буян үйлдэх л юм даа.
-Хийморийн сан тавиад л, бусад судар, ном уншаад л сууж байх уу?
-Хийхгүй юм байхгүй л дээ. Эртний хандмаа нар цээж ном сайтай байж. Одоогийн хандмаа нар өндөр боловсролтой, олон хэлтэй болохоороо ямарч номд төвдөхгүй. Бүгдийг эхээр нь уншина гэсэн үг. Далимд хэлэхэд, бурхны номыг хөрвүүлээд монголоор унших ёстой гэж манайхны зарим нь ярьдаг л юм. Ерээд оноос гарч ирсэн үзэл гэх үү дээ. Болохгүй ч юм байхгүй. Гэхдээ л эхээр нь уншвал давуу нь ойлгомжтой. Эрчим хуралдсан байдаг гэдэг шүү дээ. Ноён хутагтын бүтээлүүдийг бол эх хэлээрээ уншилгүй яахав. “Үлэмжийн чанар”-ыг нь дуулахад ямар билээ. Хавийн хамаг юм цэлмээд л явчихдаг биз дээ. Данзанравжаагийн хэдэн арван боть бий ш дээ. Үг өгүүлбэр, мөр шад бүхэн нь эрчим хадгалсан гэдэг юм даа. Би өөрөө математикийн багш мэргэжилтэй л дээ. Шинжлэх ухааныхаар бол энерги хадгалагдахыг хэлээд байгаа хэрэг.
-Хандмаа нарыг их чанга дэгтэй улс гэх юм билээ?
-Хатуу, чанга нь ч юу юм. Жаяг, дэг нь өөрөө тийм. Ном, сургаалд зааснаар бол 34 ариуныг сахих ёстой. Нэг бүрчлэн дурдах хэрэггүй биз. Бие, сэтгэл, хэлний бузрыг л тэвчинэ гэсэн үг юм даа.
-Та махан хоол иддэг юм байна/махан хуурга идэж байв/. Хоолны дэг сахидаггүй хэрэг үү?
-Сонин асуулт байна. Энэ талаар хэлье гэж бодож явдаг байлаа. Миний хувьд эмнэлэгт хэвтсэн болохоор эм, тарианд жаал тамирдчихлаа. Ийм үед махан хоол идэхгүй бол тэнхрэхгүй ш дээ. Хоолны хувьд тухайн улс, үндэстэн орчин, нөхцөлдөө тааруулж идэх ёстой. Манайх чинь эрс тэс, хатуу хахир улиралтай шүү дээ. Тэгэхээр мах заавал идэж таараад байгаа юм. Цагаан хоолны хувьд хааяа идэхэд гэмгүй. Түүнээс биш ийм газарт үргэлж будаа, өвс/ногоог хэлэв бололтой/ идээд, ус уугаад байж болохгүй. Урт наслах биш богино амьдарна. Эрүүлжих бус эмгэгтэй болно. Тиймээс тун зөв зохицуулахыг л хүсэх байна. Манайхан аливааг их сохроор дагах юм даа. Тийм юм сайн гэхээр л хошуурцгаадаг болжээ. Зарим талаар тусгүй дээ. Цагаан идээгээ харин идэлгүй яах вэ. Бидэнд бурхнаас заяасан хоол шүү дээ. Бидний махбод мах, цагаан идээнд зохицсонд эргэлзэх зүйлгүй.
-Нэг зүйлийг асуух гээд тойроод байна л даа. Хандмаа нар гэдлэдэггүй. Биологийн хэрэгцээгээ/секс/ огоордог ч гэх шиг?
-Хүнтэй л адилхан шүү дээ. Жирийн хандмаа нар, тухайлбал би гэр бүлтэй ш дээ. Нөхөр, хүү, хоёр охинтой. Харин гэцэл сахил хүртээд, ихэд гэгээрсэн бол энгийн шунал, тачаалыг огоордог юм. Манайх хоёр гэцэлтэй. Үсээ хусуулаад номондоо л шамдана гэсэн үг. Бүсгүй хүний ид үе, буюу гучаад насандаа гэцэл болцгоосон юм. Одоо тавь хүрчихлээ. Тэд л 20 жил тэрийг чинь огоорсон улс даа. Энгийн хүн биологийн хэрэгцээгээ хоривол өвчин болно шүү дээ. Гэгээрээд, номын хүчээр, далд ухамсарын түвшинд огоорвол яах ч үгүй. Зөвхөн секс ч биш. Аливаа хорт үйл, муу тачаалыг бүрэн огоорч байгаа хэрэг ээ.Эрэгтэй лам нарт ч адилхан тийм явдал бий.
-Баярлалаа. Сайхан хариу сонслоо. Лам нар янз бүрийн цол гуншинтай байдаг л даа. Та нарт тийм юм бий юу?
-Гэсгүй, унзад, голч гээд бий. Орчин үеийнхээр магистр, бакалавр, доктор ч хамгаалдаг даа. Унзад гэхээр эрэгтэй лам нар шиг унзад хоолойгоор уншдаг гэж бодох вий. Хандмаа нарын уншлага ер бусын уянгалаг байдаг юм. Яг л дуучин Д.Сарангуагийн дуулдаг аялгуу дөхнө дөө. Тэр хэмжээнд л уншдаг даа. Нэг сонссон хүн дахин, дахин ирэх гээд байна шүү. Зарим нь бүр хуурцагт бичиж аваад явдаг.
-Залгамж халаагаа яаж бэлддэг вэ?
-Сахилгатай, номд дуртай, төрөлхийн бодь охидоос сонгодог доо. Бид зарлачихсан. Харамсалтай нь тэнцэх охид бараг алга. Өдрийн од шиг нь олдвол сайн л байна.
-Танай хийдийн энэ газар бурхны ерөөлтэй цэг гэж ойлгож болох уу?
-Манай нөхөр анх зааж өгсөн юм. Гандантэгчилэн хийдийн даамал хүн л дээ. Анхандаа хэцүү байсан. Ороолонтой газар гэх үү дээ. Манай ажилтнууд “Харанхуй, бүрэнхийд элдэв юм дуугарлаа” л гэдэг байв. Их хэлмэгдүүлэлтийн үед энэ хавьд олон лам хөнөөсөн гэдэг. Тэдний сүнс, сүлд байсан юм болов уу даа. Олон жил ном хурсны хүчинд одоо алга болжээ. Ариусаа байлгүй дээ.
-Лам нар зодолдлоо. Архидлаа л гэх юм?
-Юм юм л сонсдох болж. Бүр нэг лам шавиа зодсоныг “Өдрийн сонин” дээр манай хийдийнх мэтээр бичсэн байна лээ. Тэр Мөнхөө гээд байгаа хүүхэд манайд огт хамаагүй. Хэн хэнд нь л юм байсан биз. Гэхдээ хувраг хүмүүс тэгэх нь зохимжгүй. Хэл амнаас хол байвал зохилтой.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ