Туул голын загас өвөлжих нөхцөлгүй болжээ

Туул голын дагууд хийсэн үзлэг шалгалтын явцад Маршалын гүүрнээс дээш нэг км орчимд их хэмжээний загас үхсэн байгаа нь тогтоогдсон бөгөөд өнөөдөр БОНХЯ-ны Хаан танхимд хэвлэлийн бага хурал хийж, ямар шалтгаанаас үхсэнийг мэдээллээ. Шинжээчдийн баг өнгөрсөн сарын 26-нд газар дээр нь очиж ажиллаад Туул голын ёроол, голдрилыг ухаж 25-30 м радиуст 1.8-2.5 м гүнтэй цүнхээл үүсгэсэн нь загас болон мэлхий орж үхэх гол шалтгаан болсон гэж үзэж байна. Цүнхээлийн ёроолд усны урсгалгүй тогтонги орчин бүрдэж, энэ хэсэгт гидробиотууд тэр тусмаа загас амьдрах орчин бохирджээ. Загас, мэлхий үхсэн цаг хугацаа тодорхойгүй учраас тухайн үед, тухайн хэсэгт Туул голын ус бохирдолд өртсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм. Харин энэ хэсэгт 2012 оны намар загас, мэлхий орж, гүнзгий цүнхээлээс буцаж гарч чадалгүй тэндээ үлдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн байх магадлалтай аж. Загасны үхсэн байдлыг харахад ам нь нээлттэй, заламгайн хавхаг их ангайсан байгаа нь дээрх дүгнэлтэд хүргэжээ.Туул голын энэ хэсэг нь 2012 онд тасарсан, мөн 2013 оны өвөл мөсний зузаан олон жилийн дунджаас бага буюу дөнгөж 10-23 см байсан Туул голын ус нэлээд хэмжээгээр багасч, ёроолдоо хүртэл хөлдөж байгаа нь загас болон усны бусад амьтад өвөлжих нөхцөлгүй болсныг харуулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ