Удвал уйтгартай шүү...

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид бөхөөр бол туналаа. Шөвгийн гэх түрүү, үзүүр булаалдах гурван бөх тодорч, тус бүрнээ амьсгал даран, засуулчийнхаа зөвлөгөө сонсон, өөрсдийн тактикаа боловсруулж байна. Хэдхэн хоноод засуулуудаа ханаруулсаар гараад ирнэ. Тэр цагт буюу ирэх сарын 26-27-нд шилжих шөнө, за даа үүрээр хэн нь түрүүлсэн нь тодорхой болно.

Яг л бөх шиг ганц ялагчтай байх нь мэдээж. Тэр хүн тэгээд ирэх зуны наадам нээнэ. Улсаа дөрвөн жил удирдана. Их юм бий. Энэ удаагийн сонгууль Монголд сюрприз гэдэг юмыг жинхэнэ утгаар нь барилаа. Бид түүхэндээ анх удаа эмэгтэй хүн нэр дэвшүүлснээрээ ер бусын гэхэд ч багадахаар онцлогтой юм. Тэр азтан бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал билээ.

Монголд хоёр зуунд хоёр Удвал гэдэг эмэгтэй гарч ирэх тавилантай байж. Өнгөрсөн зууных нь, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч С.Удвал байлаа. Өнөөгийнх нь эл Н.Удвал бөлгөө. Бид эл үзүүлэлтээрээ Азидаа аман хүзүүдэж байгаа юм уу даа.

Өмнөх жил БНСУ эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон нь ч бидний цөс хөөрөхөд багагүй нэмэр болох шив. Хөгжлөөрөө биднийг дагуулахгүй ч, зан, заншлаараа бидэнд хүрэхгүй, эцгийн эрхт ёсон ноёрхсон, энэ бүдүүлэг орон тэгж чадлаа. Бид тэдний хажууд жинхэнэ ардчилсан орон тул давж бууна уу л гэхээс дутаж тусахгүй нь мэдээж. Харин энэхүү алтан гэхэд багадахаар алмазан агшныг алдаж болохгүй мэт.

Хорвоогийн хүн болгон эхээс төрдөг, эгчтэй, эмэгтэй дүүтэй, эхнэртэй, охинтой бус уу? Тэгэхээр тэд дэмжихэд л хангалттай билээ. Сонгуулийн сурталчилгаа нөгөөдрөөс эхэлнэ. Хоёр эр /Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ/ ч яахав, хурцхан үзээд явчих биз.

Харин Н.Удвалд “Удвал уйтгартай шүү” гэдгийг л хэлэх гэв. Нэг талаас, алгуурлаж, цаг алдвал дэмий гэсэн хэрэг. Нөгөөтэйгүүр, Н.Удвал сайдаа уйтгар бүү төрүүлчихээрээ хэмээсэн бүлгээ. Ингэхгүйн тулд эхнээсээ л үзсэн шиг үзчих нь дээр.

Том, жижиг хоёр бөх барилдаан таарахгүй хэцүү гэдэг. Үнэн ч байх. Та энэ удаа хоёрын хоёр том бөхтэй халз үзнэ. Тэгэхээр засуулууд/дэмжигчид/-ынхаа зөвлөснөөр харгүй сайхан, хав дөрвөлжлөөд, хийдгээ хийгээд л дуусах нь зөв. Эмэгтэйчүүд үндэсний бөхөөр барилдахаар холбоо хүртэл байгуулаад буй энэ цагт эмэгтэй хүн Ерөнхийлөгчид үзэх энүүхэнд хэрэг ээ. Таны захыг тасартал мушгина аа, ард түмэн.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ