Хууль бусаар олгосон газраас болж өвчтөний амь нас аюулд орж байна гэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд түргэн тусламжийн тэрэг хүлээлгэж өгөв. Түргэний тэрэг хүлээлгэн өгөх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Миний мэдэхээр ийм тоноглолтой машин Монголд хоёр, гуравхан бий. Орчин үеийн тоног төхөөрөмжтэй энэ машиныг та бүхэн гамтай эдэлж, түргэн шуурхай үйлчилгээгээрээ өвдөж зовсон, сандарсан хүмүүст тусламж үзүүлж, эдгээж, баярлуулж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” хэмээлээ.Гэмтэл согог судлалын үндэсний төв нь жилд 75 мянган хүнийг яаралтай түргэн тусламжийн тасгаар хүлээн авч эмнэлгийн гурван шатны тусламж хүргэн үйлчилдэг аж. Тус эмнэлэгт түргэний тэрэгний хүрэлцээ муу, ялангуяа бүрэн тоноглолтой тэрэг байхгүй гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баттөгс хэлсэн юм. Эмч нар бас нэг зүйлд санаа зовниж байдгаа хэллээ. Тэр нь эмнэлэг рүү орох, гарах хаалганы орчмын газрыг хууль бусаар олгосноос болж яаралтай тусламж үзүүлэх ёстой өвчтөн хаалганы гадна бүтэн цагаас илүү хугацаагаар саатаж, амь насанд нь аюул учирдгийг эмч нар хэлж байлаа.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ