“Таван Богд”-ын Ц.Баатарсайхан таргалахыг хүсч байна

Монголын гэнэт баяжсан тэрбумтнуудын нэг “Таван Богд”-ын босс Ц.Баатарсайхан. Энэ хүний мэдэлд гоо сайхны барааны үйлдвэрлэлээс эхлээд, авиакомпани, олон улсын өндөр зэрэглэлийн зочид буудал, банк, автосервис болон нийтийн хоолны газар багтдаг. 1997 онд анх “Таван Богд трейд” компаниа байгуулж байсан ч ХААН банкны хувьчлалд оролцсоноор гэнэт цулайсан. Тус банкинд хувь эзэмшигч байснаа гүйцэтгэх захирлын суудалд суух хүсэл нь түүний өдрийн бодол, шөнийн зүүд болсоор удаж байна.
Монгол орныг хэрсэн хамгийн өргөн сүлжээтэй ХААН банк дампуурдгийн даваан дээр шинэ менежментийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болмогц Ц.Баатарсайхан арлын япончуудыг энэ зүгт дуудсан. Мань эр тэдний мөнгөөр хүүдпэгнэх эхний алхмаа давгүй тавьсан ч ХААН банкны гүйцэтгэх захирлаар туршлагатай Питер Морроу томилогдсон. Ноён Морроу малчдын банкийг Монголын үндэсний арилжааны томоохон банк болгож чадсан юм. Гэхдээ ирсэн гийчин буцдаг болохоор халаагаа өгч, оронд нь Саймон Моррис гэгдэг эрхэм ирсэн билээ. Харин тэрээр тун удсангүй, дөнгөж зургаан сарын нүүр үзээд буцсан.
Түүнийг явснаас хойш ХААН банкны ТУЗ-ийн дунд гүйцэтгэх захирлын эрх мэдлийн төлөө далд тэмцэл ил цагаандаа гарчээ. Гол тоглогчид нь ТУЗ-ийн гишүүн, “Таван богд” группийн ерөнхий захирал Ц.Баатарсайхан, түүнийэхнэр ТУЗ-ийн гишүүн Д.Хулан хоёр. Ц.Баатарсайхан ХААН-ы хаан болохоор эхэлж зүтгэсэн боловч гишүүд царай өгөөгүй. Гэтэл араас нь Д.Хулан бас гүйцэтгэх захирал болохоор санаархсан авч эхнэр, нөхөр хоёр ээлжлэн гүйж байдаг суудал биш гэдгийг ТУЗ-ийнхөн эрхбиш ойлгосон байж таараа. Ц.Баатарсайхан энэ саналыг мөн ч олон удаа гаргаж бай¬сан боловч хүний урманд дэмжигдээгүй. Хамгийн гол нь ХААН банкны эзэн, ТУЗ-ийн дарга ноён Хидео Савада эхнэр, нөхөр хоёрт итгэдэггүй гэд¬гээ хатуу илэрхийлсэн байна. Ер нь ТУЗ-ийн гишүүдийн дунд үүссэн томоохон ан цав Ц.Баатарсайханыг ТУЗ-д орсноос хойш буюу 2009 оноос эхэлж үүссэн ч гүйцэтгэх захирал Саймон Моррис ажлаа хаяснаар өрсөлдөөн улам ширүүсчээ. Одоо энэ хагарал бүр ч даамжирч магадгүй болов.
Аливаа байгууллагын ТУЗ гэдсэндээ хөлөө хийлцэхээр ямар л олигтой байв гэж. Иймээс ТУЗ-ийн гишүүдийн албан тушаалын төлөөх энэхүү тэмцлийн уршгаар ХААН банк нэг хэсэг зээлээ гаргаж ча¬дахаа байж дампуурах дээрээ тулж байлаа. Тус зөвлөл долоон гишүүнтэй. ТУЗ-ийн даргаарХидео Савада, гишүүдээр нь Ёшиаки Мишима, Ц.Баатарсайхан, Д.Хулан, Жемалуддин Кассум, Роберт Дрессен, Д.Моломжамц нар ажил¬ладаг. Питер Морроугаас хойш “Бид олон улсын түв¬шинд хүрсэн үйлчилгээг үзүүлж ажиллах болно” хэмээн бардам амлаж байсан баг ийнхүү түнжин муутай байна. ХААН банкны хувьцаа эзэм¬шигч “Таван богд” группийн ерөнхий захирал Ц.Баатарсайхан ТУЗ-ийн гишүүн болсноосоо хойш ТУЗ-ийн эрсдэлийн удирд¬лагын хорооны гишүүнээр ажилладаг атлаа хамгийн их эрсдэл дагуулсан хүн хэвээр байна.
Гурван жилийн өмнө 30 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан “ХААН” банк дараа нь бүр 60 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан боловч одоо хар, цагаан хэл амнаас болоод ирээдүй нь бүрхэг байна. 1990-ээд оны сүүлчээр дампуурлын ирмэгт ирчихээд байсан Монголын Хөдөө аж ахуйн банкийг хөл дээр нь босгохын тулд Засгийн газар маш том алхам хийсэн. Тодруулбал Засгийн газар, Монголбанк, Дэлхийн банк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гаднаас туршлагатай шинэ менежер авч ирсэн нь АНУ-ын иргэн Ж.Питер Морроу байлаа. Тэр 2000 оны наймдугаар сард ажлаа хүлээн авчээ. Тухайн үед 100 хувь төрийн өмч байсан тус банкны үйл ажиллагаа сэргэж эхэлсэн тул 2003 оны гуравдугаар сарын 25-нд Японы “H. S. Securities” компани буюу одоо¬гийн “Савада” кор¬по¬раци зургаан сая 580 мян¬ган ам. доллараар хувьчилж ав¬сан юм. Харин одоо нэгэнт хувьчилсан энэ банкинд Монголын төрөөс гар сунгахгүй л болов уу.

Энэ оны эхээр “Таван Богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан эхнэр Д.Хулантайгаа нийлж, дэлхийд алдартай “KFC” түргэн хоолны сүлжээг Монголд байгуулах эрхийг өндөр үнээр худалдан авчээ. АНУ-ын хамгийн анхдагчтүргэн хоолны сүлжээ ресторануудын нэг болох KFC-ийг салбарыг нээнэ гэдэг багагүй хөрөнгө оруулалт шаардана. Тиймээс ХААН банкны мөнгөний авдар нэлээд хэрэг болох бололтой. Хэдийгээр Ц.Баатарсайхан экс ерөнхийлөгч Н.Энхбаярын бурханы телевизийн гаалийн татварыг хүртэл төлж явсан гар султай нэгэн мэт авч бусдаас хумслахдаа бас гаргуун гэх юм билээ. Түүнд шинэ хөрөнгө оруулалтын эх үүсвэр хэрэг болох тоолонд ХААН банкны ТУЗ-ийнхөн битүүхэн түгшдэг гэсэн шүү.
Энэ том сүлжээ рестораны эрхийг авахын тулд багагүй шалгуур, бас асар их тооцоо судалгаа, их хэмжээний мөнгө зарцуулдаг гэсэн. Монголын тэргүүн баячуудын нэг Ц.Баатарсайхан, эхнэр Д.Хулангийнхаа хамт энэ эрхийг гартаа их л амархан оруулж. ХААН банкны том хувьцаа эзэмшигч, Улаанбаатар гурилын үйлдвэрийн эзэн, “Таван Богд Интернэйшнл”, “Таван Богд” ХХК “, Жуулчин” ХХК, “Эйрлинк Монголиа” ХХК, “Хаан Палас” зочид буудал, “Үлэмж Их” ХХК, “Таван Богд Констракшн” ХХК, “Монгол Машин Концерн“ ХХК, “Говь” ХХК зэрэг хорь гаруй охин компанийг гартаа атгадаг энэ баян гэр бүл дэлхийд алдартай “KFC” түргэн хоолны сүлжээг ирэх зургадугаар сард нээхээр төлөвлөжээ. “Таван Богд Фүүдс” компаниа төслийг хэрэгжүүлнэ. Түргэн хоол хүмүүсийг түргэн таргалуулдаг бол Ц.Баатарсайхан “KFC”-ээр бүр илүү таргалахыг хүсч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ