"Эрдэнэс таван толгой”-н ажилчдад нөхцөл байдлыг танилцуулав

УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх өнөөдөр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ажилчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзжээ.

УИХ-ын даргын захирамжаар“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Одоогоор тус ажлын хэсэг шаардлагатай материалуудын бүрдүүлэлтийг хийж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм.

Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэд хоногийн өмнө хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ гэрээний англи хувилбарыг хүлээж байгаагаа хэлж байсан. А.Гансүх зөвлөх мөн адил гэрээний англи хувилбарыг төслийн багийнхнаас ирүүлэхийг хүлээж байгаа гэдгийг хэлж байлаа. Учир нь гэрээний төсөлтэй холбоотой маргаан гарлаа гэхэд түүнийг нь Арбитрын шүүхээр шийдэх учраас англи хэл дээрх төслийн хувилбар чухал гэдгийг тайлбарлалаа.

Харин тус компанийн ажилчид гэрээний төсөл хэрхэн шийдэгдэх, ялангуяа монгол ажилчдын асуудлыг хэрхэн авч үзэж байгаад санаа зовниж буйгаа хэлж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ