Хар тамхины хэргээр баригдсан залуусын 6 нь өмнө нь ял эдэлж байжээ

Хар тамхи борлуулсан, хадгалсан, хэрэглэсэн гэх 10 гаруй гэмт хэргийг илрүүлсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.

Манай улсад дээрх төрлийн гэмт хэрэг нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын 02-ны өдөр хүртэл мансууруулах бодис түүж хадгалдаг, борлуулдаг, хэрэглэдэг сүлжээ бүхий 18-36 насны 21 гаруй залуусыг баривчилсан байна. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү хэлэхдээ “Хар тамхины хэрэглээ манай улсад улам нэмэгдсээр байна. Тэд манай оронд ургадаг каннабис буюу зэрлэг олсны ургамалыг болон гадаадын иргэдтэй хамтарч "ICE" буюу мөс, гашиш зэрэг мансууруулах бодисыг их хэмжээгээр хадгалж, зардаг байжээ. Сэжигтнүүдийн орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр метафетамины төрөл болох "ICE" буюу мөс 111,1 гр; гашиш 15,5 гр; өвс 6,4 кг; анданте 490 ширхэгийг илрүүлж, эд мөрийн баримтаар хураасан байна.

Хэрэгт холбогдож байцаагдаж буй хүмүүсийн зургаан сэжигтэн нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан бөгөөд үүнээс гурав нь 2008 болон 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйлд заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэх зүйл ангиар ял шийтгүүлж байж. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 65 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнд холбогдуулан 132 хүнийг шалгаж байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ