Автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлана

Энэ зун нийслэлд хийгдэх дулааны шугам сүлжээний томоохон засвар шинэчлэлт, авто замын бүтээн байгуулалтын ажил нэгэн зэрэг эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт орж буй талаар нийслэлийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Хотын төв замд дулаан, цэвэр усны шугамын өргөтгөл, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор хотын төвийн замын урсгал чиглэлд өөрчлөлт оруулж, зургадугаар сарын 15-наас эхлэн хотын төв замуудад автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор төгссөнөөс хамааран хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Тодруулбал, хойноос урд чиглэлд Хүнсний IV дэлгүүрээс Замын цагдаагийн уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд Баруун дөрвөн замаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын дотогш хэсэгт энэхүү хязгаарлалт үйлчлэх юм байна /Зургаар үзүүлэв/.

Зураг дээр НОГООНООР ТЭМДЭГЛЭСЭН бүсэд тэгш, сондгой дугаараар хязгаарлалт хийнэ.

Хэрэв таны машины дугаар ТЭГШ тоогоор төгссөн бол:

  • 2 ,4, 6 дахь өдрүүдэд тус бүсэд зорчиж болно.

Хэрэв таны машины дугаар СОНДГОЙ тоогоор төгссөн бол

  • 1, 3, 5 дахь өдрүүдэд тус бүсэд зорчиж болно.

Харин НЯМ гарагт тус бүсэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

ХЯЗГААРЛАЛТ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2015.06.15-2015.08.16

Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх цэвэр усны болоод дулааны шугамыг бүхэлд нь шинэчлэх засварын ажил энэ сарын 15-наас эхлэн ирэх наймдугаар сарын 14-ныг хүртэл үргэлжилнэ.

Ингэхдээ Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл, Цэцэг төвөөс Улсын их дэлгүүрийн уулзвар хүртэл, мөн Баруун дөрвөн зам хүртэл гэж гурван хэсэгт хуваан, замын хөдөлгөөнийг хааж, засварыг хийх юм байна. Хотын төв замыг ийнхүү хэсэгчлэн хааснаас үүдэн замын хөдөлгөөний ачаалал огцом ихсэнэ гэж ажлын хэсгийнхэн үзсэн тул дээрх хязгаарлалтыг хийхээр болжээ.

Мөн хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ зун нийслэлийн гудамж замуудад багагүй өргөтгөл шинэчлэлт хийх тул төвийн замыг ийнхүү хаах юм. Тиймээс иргэд жолоочид замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандахыг хүсч байна. Мөн замын засвар ирэх наймдугаар сарын 14-нд дуусна. Энэхүү засвар хийгдэж дуусмагц буюу ирэх наймдугаар сарын 15-наас автомашины дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах санал гаргасан. Гэхдээ эцэслэн шийдээгүй байна” гэсэн мэдээллийг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ