Аз жаргалын яамыг Монголд байгуулвал ямар вэ
- Бутан бол Монголтой харьцуулшгүй өөр орон -
{!!!right!!!}Гималайн нурууны зүүн хошуунд Бутаны Вант Улс хэмээх улс бий. Далайд гарцгүй, зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгадаг. Дэлхийн хамгийн их хүн амтай хоёр хүчирхэг гүрний дунд оршдог 742 мянган хүн амтай Бутан улсыг заримдаа монголчууд өөрсөдтэйгөө зүйрлүүлдэг. Хоёр гүрний дундах далайд гарцгүй орон гэдэг утгаараа л даа. Тэрнээс биш манай улс гурван сая хүн амтай газар нутгийн хэмжээгээрээ Бутан манай нэг аймгаас ч бага хэмжээтэй. Тэд яг л түвдүүд шиг хөдөө аж ахуй эрхэлж бурхны шашин шүтэж ядуу зүдүү амьдардаг бол Монгол улс ардчилсан засаглалтай, тив дэлхий дамнасан хөрөнгө оруулалтыг татах том ордуудтай, олон сая толгой малтай, агуу уудам нутагтай гээдярих ч юм биш л дээ.Тиймээс Монголтой нэг их зүйрлээд байх зүйл цөөхөн.
2013 онд Энэтхэг-Хятадын хилийн маргаан болон Бутанд байгаа хятад ажилчдын эрх ашиг хөндөгдсөн гэх шалтгаанаар Хятадын Ардын чөлөөлөх армийн анги нэтггэлүүд Бутаны зах хязгаарт нэвтэрч хэсэг шуугиан дэгдсэнээр монголчуудын зарим нь Бутан улсыг мэддэг болсон юм.
Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудав гэгчээр хаа холын Гималайн уулсын цаана болж байгаа зүйлийг улстөржих дуртай манай хэсэг нөхөд одоо л дараагийн Бутан бид болох нь гээд шуугиж эхэлснээр энэ улсыг мэддэггүй нэг нь мэддэг болсон бизээ.
За тэр ч яахав энэ нийтлэлд Бутан Монгол хоёрыг харьцуулах гээгүй (харьцуулах ч зүйл бага учир) тул цаст Гималайн энэ орны тухай танин мэдэхүйн мэдээллийг хүргэе.
- Бутаны газар нутаг, хүн, ам, түүх -
Бутан, албан ёсоор Бутаны Вант Улс нь Гималайн нурууны зүүн хошуунд орших далайд гарцгүй, өмнөд Азийн орон юм. Бутан улс нь зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгадгаас гадна Балба, Бангладеш улсуудтай ойролцоо байрладаг.
Бутан нь 17-р зууны үед төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг 1616 онд Төвддөө хавчигдсан лам Агваан Намжил ирж нэгтгэн, улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилийг 1654 онд өөд болсоноос хойш, дотоодын тэмцэл, хөрш улсуудын эзэмшилд орж гарч явсаар, 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болсон.
Бутанчуудын дийлэнх нь Төвдийн Буддын шашны шүтлэгтэй. Хэмжээлшгүй эрхт хаант ёстой байсан Бутан 2007 онд Үндсэн хуульт хаант улс болсон юм. Одоогийн хаан нь Жигмэдгэсэрнамжил Ванчиг, улсын нийслэл нь Тхимпху хот юм. Нийт 38,394 ам дөрвөлжин километр нутагтай, 742 мянган хүн амтай болох ба эдгээр үзүүлэлтээр жижиг орны ангилалд багтах юм. Бутанд аман ярианы 24 хэл байгаагаас Жонха хэл нь албан ёсны улсын хэл болдог.
Далайн түвшнээс дээш7554 метр хүртэл өргөгдсөн Брахмапутра голын сав газрын өргөн хөндийгөөр хэрчигдсэн тус орны уулын доод хэсэг тропикийн, дээд хэсэг нэлээд хүйтэн уур амьсгалтай. Мөнх ногоон навчит болон навчаа гөвдөг шилмүүст ойтой. Үнэт мод, төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур зэрэг баялагтай.
Бутан Энэтхэгтэй гэрээ бүхий онцгой харилцаатай оршдог. Хоёр улсын 1949 оны гэрээ ёсоор Бутан нь батлан хамгаалах асуудал болон дотоодын бүх хэрэгтээ бүрэн дүүрэн бие даасан боловч гадаад бодлогын салбарт Энэтхэгийн засгийн газрын зөвлөгөөг мөрдлөг болгодог. Тхимпху хотод Энэтхэгийн засгийн газрын улс төрийн төлөөлөгчийн байнгын өргөө байна. Хятад улс сүүлд тус улсад элчин сайдын яамаа нээж дипломат харилцаагаа өргөжүүлэн саймширсан боловч үүний хариуд нь Энэтхэг улс хориг арга хэмжээ авч Бутаны зах зээлийг дампууруулах шахсан тул хүссэн хүсээгүй Хятадаас нүүр буруулах болсон. Хариуд нь Хятад улс ч яаж зүгээр суухав. Байнга Энэтхэг болон Бутаны хилийн ойролцоо маргаан үүсгэж байдаг.
- Хөдөө аж ахуйн орон -
Феодалын харилцаа ноёрхсон хөдөө аж ахуйн орон бөгөөд ажил эрхэлдэг хүн амын 95 хувь хөдөө аж ахуйд ажилладаг. Голын хөндий, уулын хормойгоор усалгаатай газар тариалан эрхэлнэ. Газар тариаланд тутарга, буудай, арвай, шар будаа, эрдэнэ шиш, гурвалжин будаа, төмс, хөвөн тариалж хүнсний ногоо, жимс, цэцэрлэгийн аж ахуй голлодог. Бэлчээрийн мал аж ахуйтай. Үхэр, сарлаг, хонь, луус, гахай өсгөнө.
Гар үйлдвэрийн аргаар хөвөн, хивс, сүлжмэл эдлэл, хөдөө аж ахуйн ба гэр ахуйн хэрэгсэл, мод, металлаар гоёл чимэглэлийн зүйл хийнэ.
Төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур олборлодог. Гадаадад модон эдлэл, лаазалсан жимс, заар гаргана.
Бутан улс шуудангийн маркаараа дэлхийд алдартай бөгөөд энэ нь ихээхэн орлогын эх үүсвэр болдог байна. Бутаны засгийн газар эвсэлд үл нэгдэх, улс орнуудтай найрамдалтай, энх тайвнаар зэрэгцэн орших бодлого явуулж байна.
- Ван болон вангийн хатан -
Англичууд хатан хаан болон түүний гэр бүлийнхнийг хэрхэн хүндэлжж хайрладаг яг л тэр жишгээр бутанчууд ван болон вангийн хатандаа хайртай. Бутан улсын ванг Жигмэдгэсэрнамжил Ванчиг буюу Жигмэд хэмээдэг тухай дээр өгүүлсэн. Вангийн төрсөн өдрийг тус улсын үндэсний баярт тооцдог гэнэ. Жигмэд вангийн хатныг Жавзанбадам хэмээдэг. Тэд 2011 онд хуримласан бөгөөд хосууд 10 насны зөрүүтэй ч хайр сэтгэлээр учирсан гэнэ.
Бутаны хатан зөвхөн үйл хэргээрээ ч биш гадаад төрх, биеэ авч яваа байдал, хувцаслалтаараа ард түмэндээ үлгэр дууриал болох үүрэгтэй бөгөөд энэ үүднээсээ сар бүр хатныхаа шинэ зургийг засгийн газрынхаа вэб хуудаст тавьдаг гэнэ. Мөн ван болон вангийн хатны зургийг вэбсайтаас татаж аван гар утасныхаа дэлгэцэнд тавихыг засгийн газраас иргэддээ санал болгодог гэнэ.
- Дэлхийн цорын ганц аз жаргалын яамтай улс -
Эрт урьд цагт Haylay хэмээх нэгэн өөдрөг өвөө байж гэнэ. Haylay өвөө нэгэн өдөр ууланд ажиллаж байгаад гайхалтай том оюу чулуу олж. Олсон чулуугаа тэврээд тосгондоо хүрч иртэл, нэг хүн чулууг нь мориор солъё гэж гэнэ. Ингээд морьтой болж, цаашаагаа морио үхрээр сольж, үхрээ хониор сольж, хонио тахиагаар сольж гэнэ. Тахиатай болсон Haylay өвгөн ахин цааш алхтал, хөндийн цаанаас гайхалтай уран хоолой сонсогдож. Тэр хоолойн эзэн дээр явж очоод
– Надад наад дуугаа зааж өгвөл, оронд нь тахиагаа өгье гэж.
Ийнхүү Haylay өвгөн эцэстээ гар хоосон үлдэв. Гэсэн ч тэр аз жаргалтай хэвээр байлаа. Учир нь, түүнийг дуугаа дуулах болгонд тосгоны хүмүүс баярладаг билээ... Энэ бол Бутаны ард түмний дунд эртнээс яригдаж ирсэн үлгэр юм.
Бутан хэдийгээр эдийн засгийн хувьд жижиг буурай боловч, тэндхийн ард түмний сэтгэл ханамжийн төвшин туйлын өндөр тэр бүү хэл аз жаргалын яамтай цорын ганц улс гэдгээрээ олон улсын анхаарлыг татдаг.(ДНБ ээрээ дэлхийн 188 орноос 122т жагсдаг бол, иргэдийнх 95% нь өөрийгөө аз жаргалтайд тооцдог).
Хэрхэвч элбэг дэлбэг амьдралаар амьдараагүй хэрнээ, яагаад тэд хүмүүс тэгтэлээ аз жаргалтай байна вэ? Магадгүй үүний нууц дээрх Haylay өвгөнд байх шиг санагдана.
Haylay өвгөн ердөө л бусдад хэрэгтэй зүйлсийг нь сольж өгөөд л яваад байж. Бусдын баярлахыг харах өөрт нь бас баяртай байсан биз. Эд зүйл гэдэг өгөөд байвал дуусдаг боловч, дуу сурсан Haylay өвгөн хэзээ ч бусдыг баярлуулж чадна...
Гадаадынхан Бутанд очиж судалгаа хийж л дээ.Бутанчуудаас – Би л болж байвал болоо гэж бодсон удаа бий юу? гэж асуухад, тэдний 78% нь "огт үгүй" гэж хариулсан байна. Тэр ч бүү хэл төдий тооны хүн – Бусдад атаархсан удаа байхгүй гэж хариулжээ. Бутан хүмүүс хувийн жаргалыг боддоггүй нь, ойр хавийнхаа хүмүүстэй маш дотно харьцаатай амьдардаг нь нөлөөлдөг бололтой.
Бутаны аз жаргалын яамны нэгэн дарга ийн ярьжээ. "Гадаад орнуудыг сайтар ажсаны үр дүнд, явж явж ДНБ (мөнгө)–ээс өөр зорилгогүй болохыг нь ойлгосон. Үнэндээ бидэнд зөвхөн мөнгө байх нь хангалтгүй санагдсан. Зөвхөн мөнгө хөөвөл, тэнд төгсгөл гэж үгүй. Улам хурдан машин, улам том байшин, улам дэгжин хувцас хүсэхээс цаашгүй юм болно. Мөнгөнөөс мэдэрч болох баяр баясгалан бол түр зуурынх л байдаг. Харин бидний зорилго бол илүү урт хугацааны аз жаргал юм" гэсэн байна.
GNH (Gross National Happiness) буюу үндэсний нийт аз жаргалын зөвлөлийн тэргүүлэгч гэсэн албан тушаалтай нэг эрхэм ийн хэлж байна
– Аз жаргал гэдэг чинь модны ард ч юм уу, сүм дотор нуугдаж байдаг юм биш. Хөөцөлдөх тусам л олддоггүй эд юм шүү дээ. Харин хөөцөлдөхөө болиод мартаж орхивол аяндаа л дэргэд чинь байж байх болно. Өөрийнхөө дотор юу байгааг мэдэр. Тэр чинь л аз жаргал юм.
Харин Бутан улсын ван Жигмэд хүүхдүүдэд хандаж сургаал айлдахдаа "Бидний хүн нэг бүрийн сэтгэл дотор луу байдаг юм. Тэр луу бидний амьдралдаа сурч мэдэж, үзэж харсан болгоныг идэж өсдөг. Бид тэр луугаа олон жилийн туршид нандигнан өсгөхгүй бол болохгүй учиртай юм.
Бутанчууд тогорууг ариун амьтан гэж үздэг тул, үнэн сэтгэлээсээ эрхэмлэж, жилийн жилд тосгонд ирэх шувуудыг харж баясдаг гэнэ. Тийм болохоор, нүүдлийн тогоруу жаахан оройтоход л сэтгэл нь түгшиж, хаа сайгүй л тогоруун тухай яриа өрнөнө. Тогоруу байх төдийд л тэдний дотор үнэхээр уужирдаг аж.
Тэд тогоруунд дуртайн хэрээр зарим тосгонууд сайн дураараа цахилгаантай холбоогүй юмсанж. Учир нь цахилгааны шугам татах гэхээр, тогоруу цугладаг цөөрмийг нь дайрах гээд байсан тул, тогоруунд садаа болно гэж үзээд тоогоогүй хэрэг. Тэгээд цахилгаангүй ч гэлээ, тосон дэнлүүтэй тосгоныхон сэтгэл хангалуун амьдарсаар л байж. Харин энэ тухай сонссон хаа холын австраличууд уярсандаа ч юм уу, Бутаны тэдгээр тосгоныхонд сэтгэл гаргаж хандив цуглуулаад, цахилгааны шугамыг газар доогуур татаж өгсөн юм гэнэ.
Бутан хэмээх нэгэн сонирхолтой орны тухай олон талт мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Ер нь Монгол орондоо Аз жаргалын яам байгуулаад дээрх индексээр хэмжүүрдээд үзвэл яах бол. Лав бидний өвөө эмээгийн үед ажилсаг, тусч, найрсаг монголчууд маань тэр хэмжүүрээр Бутанд нэлээн дөхөх байсан нь лавтай даг.
Н.Төгс














СЭТГЭГДЭЛ БИЧИХ