Өнөөдөр Олон улсын архивын өдөр

Архивын талаархи хүмүүсийн ойлголт бүдэг бадаг. Хүмүүсийн ихэнх нь архивыг номын сантай андуурдаг бөгөөд баримт бичгээ зөвхөн дотоод хэрэгцээндээ ашигладаг, түүхч судлаачид л сонирхдог гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Олон нийт болон бусад байгууллагууд архив, архивын баримтын тухай, тэдгээрийг хэрхэн бий болгодог тухай ойлголт тун дутмаг байдаг. Архивын өв гэдэг бол хүн төрөлхтөний улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үнэт баталгаа төдийгүй хүний эрхийг хангах үндсэн суурь баримт болдог билээ. Архивын эх сурвалж, хэлбэрүүд олон янз байдагчлан тэдгээр эх сурвалжуудыг найдвартай хадгалж, хамгаалахын тулд архивын бүх төрөл зүйл, хэлбэрийг дэлгэрэнгүй авч үзэх шаардлагатай. Ганцхан нэг төрлийн баримтан дээр анхаарал хандуулалгүй бусад бүх төрлийн баримтуудад анхаарах хэрэгтэй гэдгийг олон улс дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Архив гэдэг бол тухайн улсын түүхийн “тархи” юм.
Олон улсын архивын өдрийг тэмдэглэх болсон нь: 2004 онд Вена хотод болсон Олон улсын уулзалтын 2000 оролцогчоос “Олон улсын архивын өдөр” бий болгох хүсэлтийг НҮБ-д тавьж байжээ. Энэ үед зарим орнууд нь архивын ач холбогдолын талаарх олон нийтийн болон шийдвэр гаргагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор аль хэдийн Үндэсний архивын өдөртэй болохоор шийдсэн байсан юм.
Тус үйл явдлын дараа буюу 2005 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 33-р чуулганаар жил бүрийн 10 дугаар сарын 27-ний өдрийг “Дэлхийн дүрс бичлэгийн өвийн өдөр” болгон тунхагласан. Ийнхүү дэлхийн өдөр болгох нь дуу дүрсний архивын ач холбогдолд олон нийтийн анхаарлыг түлхүү хандуулж, сонирхлыг нь нэмэгдүүлэх сайхан боломж болж байлаа. Энэ нь зөв зүйтэй санаачлага байсан ч зөвхөн архивын баримтыг эрсдэлээс хамгаалах биш, архивын салбарт анхаарал хандуулах нь чухал гэдгийг харуулсан билээ.
Дээрх шалтгаануудын улмаас Олон улсын архивын зөвлөл 2007 оны 11 дүгээр сард болсон ээлжит ерөнхий хуралдаанаараа жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг “ОЛОН УЛСЫН АРХИВЫН ӨДӨР” болгохоор шийдвэрлэсэн юм. Энэ өдрийг сонгосон учир нь 1948 оны зургадугаар сарын 9-ний өдөр ЮНЕСКО-гийн ивээл дор Олон Улсын архивын зөвлөл байгуулагдаж байсан түүхтэй ажээ.
Олон улсын архивын өдрийг жил бүр тэмдэглэснээр бид:
-Архив, архивын баримтын ач холбогдолд хүмүүсийн анхаарлыг хандуулах,
-Архив, архивын баримт тэдний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндэс суурь нь болдог гэдгийг таниулан ойлгуулах
-Шийдвэр гаргагчдын ойлголт, хандлагыг өөрчилж архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулан, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
-Архивын байгууллагуудад хадгалагдаж байгаа ховор нандин, үнэт, цорын ганц баримтуудыг олон нийтийн хүртээл болгоход анхаарал хандуулах,
-Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцлийг сайжруулах зорилготой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ