“Аваргуудын лиг”-т түрүүлж чадаагүй шилдэг хөлбөмбөгчид

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний 2014-2015 оны улирлын шигшээ тоглолт сонирхолтой боллоо. Энэ удаа Испанийн “Барселона” өрсөлдөгч Италийн “Ювентус”-ыг 3:1-ээр хожсон. Мөн зарим тоглогчид энэ тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлсэн. Тэднийг дурдвал Л.Месси, Ш.Эрнандас, А.Иньеста нар билээ. Мөн Голландын алдарт хөлбөмбөгч К.Зеедорф гурван өөр багийн нэрийн өмнөөс тоглож, түрүүлсэн ганцхан хөлбөмбөгч. Тэрээр 1995 онд Голландын “Аякс”, 1998 онд Испанийн “Реал Мадрид”, 2003 онд Италийн “Эй Си Милан”-ы бүрэлдэхүүнд алтан медаль хүртжээ.

Харин дэлхийн хэмжээнд алдар нь цуурайтаж, од болсон зарим тоглогчид “Аваргуудын лиг”-т түрүүлж үзээгүй аж. Тэднээс Бразилийн Роналдо хамгийн алдартай нь. 1996, 1997, 2002 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч, 1994, 2002 оны дэлхийн аварга, 1998 оны мөнгөн медальт, Тив хоорондын цомын аварга, 1998 оны “УЕФА”-гийн цомын аварга, Испанийн “Ла лиг”-ийн аварга болжээ. Гэвч Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, Италийн “Интер Милан”, “Эй Си Милан”-ы бүрэлдэхүүнд тоглосон ч “Аваргуудын лиг”-т түрүүлж чадаагүй.

Түүнээс гадна Италийн Ж.Буффон 2003, 2015, Английн С.Кембелл 2006, Аргентины Р.Аяала 2001, Испанийн Ж.Сильва 2006, Францын Р.Пирес 2006, Д.Трезеге 2003 онд “Аваргуудын лиг”-ийн финалд шалгарсан ч алтан медаль энгэртээ зүүх хувь дутжээ.

Э.Гүнтөмөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ