Ёс суртахуун ба ашиг сонирхол

БИЗНЕСИЙГ ЁС СУРТАХУУНЛАГ ЭРХЛЭХ АРГА ЗАМ
/Б.Оюунчимэг, Санхүү эдийн засгийн
дээд сургуулийн зөвлөх професор, доктор
(Ph.D), профессор/
Ёс суртахуун ба ашиг сонирхол
Өргөнөөр даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд ёс суртахуунтай байхын ач холбогдлыг үл ойшоосноор аливааг ёс суртахуунгүй үйлддэг болцгоож байна. Ёс суртахууныг эс хэрэгсэх нь даяарчлалын мөн чанар. Хувийн ашиг сонирхолд хориг тавихгүйгээр, огт хязгаарлахгүйгээр дагах нь бүх нийтийн эрх ашигт үйлчилнэ, хувийн ашиг сонирхлоо хангах боломжийг аль болох сайн ашиглах ёстой гэж даяарчлалын онол болох зах зээлийн фундаментализм үздэг.(Сорос, 2010. х.11)
Нийгмийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг хэт дээгүүр тавих, хувийн ашиг сонирхлыг нийтийнхээс илүүд үзэх нь хүн төрөлхтний мөн чанарыг хэт гуйвуулсан, ёс суртахуунгүй үйлдэл юм. Нийтийн ашиг сонирхол нь олны нийтлэг сонирхол юм. Олны ашиг сонирхлыг дээдлэх зорилготой ардчилсан, шударга нийгэм байгуулахаар явж байгаа, бид.
Үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг бүтээгдэхүүнийг нь хэрэглэх хэрэглэгчид, үзүүлдэг үйлчилгээг нь авах үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг бизнесийн байгууллагын ашиг сонирхол, бизнес эрхлэгчийн хувийн сонирхлоос дээгүүр тавих ёстой. Энэ бол бизнесийн байгууллага, бизнес эрхлэгчийн ёс суртахууны үүрэг, хариуцлага юм.
Өнөөгийнхөн бизнес эрхлэхэд ёс суртахууныг авч хэлэлцдэггүй байх явдал амжилт олох үндэс хэмээн төөрч, чинээлэг бизнес эрхлэгчийг биширч байна. Тэднийг амжилтын эзэд гэж эндүүрсээр. Буруу аргаар хөрөнгө мөнгө олж, бизнес эрхэлсэн болж, баяжин хөлжих нь жинхэнэ амжилт биш. Энэ нь ёс суртахууны доройтол, хүн ёсны гажуудал, муу үйл юм.
Мөнгө чухал болохыг ёрлосон (Б. Хюбнер), хөгжил, хөрөнгөжих явдалтай хосолсон (Дж. Грей), хөрөнгө мөнгө гол үнэлэмж болсон, эд баялгаар баяжих шуналыг дэмжсэн, оюуны үнэт зүйлд халдах явдлыг хөөрөгдсөн, ашиг хонжоо хардаг болсон, ховдог шунахай байдал, харамч санаа газар авсан нийгэмд бид амьдарч байна /В. Давчев/ гэж өнөөгийн нийгмийн ёс суртахууны доройтлыг дэлхийн хэмжээнийфилософичид тодорхойлоод байна. (Мантатов, 2009. х.7)
Арай өмнө үеийнхэн болох Германы судлаач Хоман, Бломе-Дрез нар “Бизнесийн байгууллагууд бизнесийг ёс журмын дагуу эрхлэх, ёс суртахууны хэм хэмжээг сахин мөрдөхийнчухлыг онцлон тэмдэглэж, аж ахуйн үйл ажиллагааг дэг журамтай хөтлөн явуулах, бизнесийг ухаалгаар, хүнлэг эрхлэх арга хэрэгсэл нь ёс суртахуун юм” гэж(Хоман, 2001. х. 203) үзжээ.
Бизнесийгзохистойгоор тухайлбал, цэвэр ариунаар, шударгаар, тогтвортой эрхэлдэг болоход бизнес эрхлэгч ёс суртахуунаа дээшлүүлэх, ёс суртахуунлаг болох үүрэгтэй. Өнөөгийн хүмүүсийн ашигч үзэл хөгжил дэвшилд ихээхэн саад учруулж байна. Ашигч үзлийг хязгаарласан нийгмийн ёс суртахуун зайлшгүй хэрэгтэй. (Мантатов, В. 2009. х.7 )
СЭТГЭГДЭЛ БИЧИХ