Эмнэлгүүдийн эмийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарын эмийн зардлыг бууруулж баталснаас эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хүндрэл үүсээд буй. Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн өр 7,8 тэрбум төгрөгт хүрсэн болон төсвөөс нэмж шаардагдаж байгаа хөрөнгийн талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүдэд танилцуулсан юм.

Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан IV улирлын эмийн зардлыг II болон III улиралд шилжүүлэх, шилжүүлсэн хөрөнгийг Монгол Улсын 2015 Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна.

Мөн БНХАУ-ын Засгийн газраас 2015 онд Монгол Улсад олгох 50.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зарцуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, төслийг Хятадын талд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгав.

Өрх, сумын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадамжийг нэмэгдүүлэх, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн мэс заслын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтны ур чадварыг сайжруулах зэрэг дэд төслүүдэд дээрх хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ