Ерөнхийлөгчтэй хандгай агнасан гэх зураг бол эвлүүлэг

“Silver ankh” гэх фэйсбүүк хаягтай залуу маш том хандгай агнасан найзынхаа талаарх зургийг “Orkhon Orkhon анд бас баавартай ан хийсэн байна шүү” хэмээн тайлбартайгаар өөрийн фэйсбүүктэй оруулсан нь олон хүний анхаарлыг татсан. Мөн эгдүүцлийг хүргэсэн юм. Учир нь Монголд хандгай агнахыг 1953 оноос хуулиар хориглож, дархалсан байдаг.
Харин хандгайг агнасан гэх Orkhon Orkhon гэх залуу уг зурагныхаа доор сэтгэгдэл бичихдээ “Элбэгдорж ахтайгаа 2009 онд Сэлэнгийн шугуйд хийсэн ан шүү дээ” гэх сэтгэгдэл үлдээсэн нь иргэдийн бухимдлыг бүр ч ихээр төрүүлэв.
Энэ талаар цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад “Мэдээллийн дагуу Эрүүгийн Цагдаагийн Газрын Байгаль Орчны Гэмт Хэрэгтэй Тэмцэх Алба хэргийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар энэхүү хандгайг монголд алаагүй, гадаадын улс оронд авсан зураг байна” гэх хариулт өгсөн юм.
Зургийг гүүглээс шүүж үзвээс гадаадын нэгэн сайтад тавигдсан хандгай агнасан эрчүүдийн талаарх мэдээлэл дунд өнөөх Orkhon orkhon гэх залуугийн Сэлэнгийн шугуйгаас агнасан гэх хандгайн зураг байжээ. Тиймээс албаны хүний хэлсэнчлэн энэхүү зургийг монголд аваагүй, фэйсбүүкт зураг тавьсан этгээд эвлүүлэг хийсэн нь илт болж буй юм. http://www.gameandfishmag.com/hunting/man-kills-record-alaskan-moose/ энэхүү линкээр орж жинхэнэ зургийг нь харж болно.
Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ