Х.Одбаяр: Осол гаргасан жолооч 40 цаг жолоо барьсан

Өчигдөр буюу зургаадугаар сарын 9-ний 05.00 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Цагаан сүмийн гүүрнээс 34 зорчигч тээвэрлэж явсан “Паз 4234” загварын автобус осолдож олон хүний эрүүл мэнд хохироод байгаа билээ.
Тус автобус “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХК-ийнх бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ 30 хүний суудалтай гэсэн ч осол гарах үед 34 хүн тээвэрлэж явсан байна.
Мөн тухайн жолооч 2015.06.06-нд Улаанбаатар хот руу гарч, 08-нд 11.00 цагт Драгон төвийн автозогсоол дээр зорчигчдоо буулгасан байна. Буцаад 15.00 цагт Увс аймаг руу гарч үүрээр осол гаргажээ.
Ослын шалтгааны тодруулахаар Архангай аймгийн цагдаагийн газраас ажиллаж байгаа бөгөөд 08.00 цагт найман хүн эмнэлэгт хүргэгдсэн бол 14.00 цагт таван хүн нэмж эмнэлэгт хүргэгджээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийн гэмтэл тэдний амь насандаюулгүй болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ослын талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Х.Одбаяр хэлэхдээ,
-Орон нутгийн замд явж буй жолооч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлын 8 цагаар ажиллан, ээлжийн жолоочтой байх ёстой. Энэ жолоочийн хувьд бараг 40 гаруй цаг амралтгүй жолоо барьсан нь зорчин явагчдын аюулгүй байдлыг хангахгүй байдалд хүргэсэн байна. Тухайн жолоочийн тайлбарлаж буйгаар ээлжийн жолооч нь ажлаасаа гарсан учраас ээлжийн жолоочгүй явж байна гэсэн тайлбарыг өгсөн гэлээ.
2014 онд улсын хэмжээнд 503 хүн зам тээврийн ослоор амиа алдсаны 72 хувь нь орон нутгийн замд байжээ.
Урин дулааны улирал ирж буйтай холбоотойгоор орон нутгийг зорих иргэд их байгаа мөн гарах осол нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, хурдаа тохируулах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсийг зайлшгүй хэрэглэх хэрэгтэйг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ